Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагаас даваа гарагт шилжих шөнө түгжрэлийн хураамж авч эхлэх системийг ажиллуулж эхэлснээр Нью Йорк хот АНУ-ын түүхэн дэх түгжрэлийн хураамж авдаг анхны хот болоод байна.
Энэ талаарх мэдэгдлийг Нью Йорк хотын зам тээврийн асуудал эрхэлсэн MTA байгууллагын гүйцэтгэх захирал Жанно Либер сэтгүүлчдэд мэдээлжээ.
Энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг өнгөрсөн оны сүүлээр муж болон хотын удирдлагын зүгээс мэдээлж байсан юм.
Түгжрэлийн төлбөр хураамж авдаг системийн хүрээнд Нью Йорк хотын авто замын 400 гаруй эгнээнд 800 гаруй тусгай тэмдэг, тэмдэглэгээ тавьж, тэдгээрийг 1400 гаруй хяналтын камер, 110 гаруй илрүүлэх цэгийн тусламжтайгаар хянахаар болжээ.
Түгжрэлийн хураамж төлөх бүсүүдэд Нью Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнгийн өмнөд хэсэг, Манхэттэн дүүргийн төвийн хэсгийн Эмпайр Стэйт барилга, Таймс Сквер гудамж, хөрөнгийн биржийн төв цэг болох Уолл Стрийт гудамжууд багтаж байгаа ажээ.
Төлбөрийн хувьд тухайн хэсэгт нэвтрэх тээврийн хэрэгслүүд ангиллаасаа шалтгаалаад өдөрт 2-21 ам.долларын хураамж төлж эхлээд байна.
Тодруулбал, суудлын автомашинууд ид ачаалалтай оргил цагаар тухайн бүсэд нэвтрэхэд 9 ам.доллар, бусад цагт 2.25 ам.доллар төлөх бол жижиг оврын ачааны машин, нийтийн тээврийн зориулалтын бус автобусууд оргил цагаар 14.40 ам.доллар, том оврын ачааны машинууд болон жуулчны автобусууд оргил цагаар 21.60 ам.доллар хүртэлх хураамж төлж, тухайн бүсэд нэвтрэх юм байна.
Түгжрэлийн хураамжийн системийг нэвтрүүлж эхэлснээс хойш өмнө нь тэг зогсолт үүсдэг байсан хэсгийн хөдөлгөөн хэвийн болсон хэмээн Associated Press агентлаг мэдээлжээ. Түүнчлэн ихэнх жолооч нар түгжрэлийн хураамж авдаг систем нэвтэрч эхэлснийг мэдэхгүй нэвтэрч байгаа бөгөөд замын төлбөр хураамжийн E-Z Pass системийн дагуу хураамжийн төлбөр татагдаж байгаа, хэд хоногоос жолооч нарт баримт нь харагдаж эхэлнэ гэдгийг холбогдох байгууллагуудын зүгээс мэдэгдсэн байна.
Нью Йорк мужийн удирдлагын зүгээс хэрэгжүүлж эхлүүлээд байгаа энэхүү түгжрэлийн төлбөр хураамжийн бодлогыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп тангараг өргөж, албандаа орсон даруйдаа зогсооно гэдгээ амлаж, тус мужийн Бүгд найрамдах намын гишүүд ч түүнийг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Нью Йорк хот дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотоор 2023 болон 2024 онуудад улиран нэрлэгдсэн бөгөөд дээрх судалгааг автозамын дата мэдээллийн анализ шинжилгээ явуулдаг INRIX компаниас гаргасан байна.