Жэжү Эйр компанийн онгоц шувуун дайралтад өртсөн нь батлагдсан


Жэжү Эйр компанийн 7С2216 дугаар нислэгийн онгоц руу шувууд дайрсан гэдгийг Солонгос улсын Засгийн газар албан ёсоор баталлаа.

Нисэх, төмөр замын ослыг мөрдөн шалгах зөвлөлийн мэдээлснээр онгоцны нэг хөдөлгүүрээс “өд” олдсон байна. Гэсэн хэдий ч ослын үеэр хоёр хөдөлгүүр эвдэрсэн эсэхийг шалгаж байгаа аж.

Ослын мөрдөн байцаалтын зөвлөлийн дарга Ли Сын Ёол “Газрын хөрснөөс хөдөлгүүрийг зайлуулах явцад бид хэдэн өд олсон. Шувууны дайралт хүчтэй байсан ч тэр даруй хөдөлгүүр унтрахад хүргэдэггүй. Бид хоёр хөдөлгүүрт нөлөөлсөн эсэх, эсвэл нөгөө хөдөлгүүр гэмтэлтэй байсан эсэхийг тодорхойлохын тулд цаашид судлах шаардлагатай байна” гэжээ.

 Мөрдөн байцаалтын явцад шувууны ямар төрөл болох мөн хөдөлгүүрт хэрхэн орсныг шалгах аж. Иймээс ослын мөрдөн байцаалтын ажиллагаанд багагүй хугацаа шаардагдах төлөвтэй байгаа гэнэ. Мөрдөн байцаах зөвлөл 1-р сарын 7-ны өдрөөс эхлэн АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл (NTSB)-тэй хамтран нислэгийн мэдээлэл бүртгэгчээс (FDR) мэдээлэл авахаар ажиллаж эхэлжээ.

Эргэн сануулахад арванхоёрдугаар сарын 29-нд Жэжү Эйр компанийн Бангкок-Муан чиглэлд нислэг үйлдэж байсан Boeing 737-800 загварын онгоц хэвлийн буултаа амжилттай гүйцэтгэсэн боловч хөөрөх зурвас давж, 2 метр өндөр локализаторын далантай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болж 179 хүн амиа алдсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *