30 жилийнхээ ойтойгоо золгосон Монголын сагсан бөмбөгийн холбоо 2024-2025 оны улирлын лигээ амжилттай зохион явуулж байна. Энэ удаагийн лиг өрсөлдөөнтэй, сенсац ихтэй, сонирхолтой үйл явдлаар дүүрэн болж буй. Хамгийн сүүлд гэхэд л энэ жилийн дээд лигт нэрээ өөрчлөн өрсөлдөж буй МУГД С.Тулга дасгалжуулагчтай “INUT YES TLG” багийн легионер Кени Вутен Жр Монгол улсын иргэн болох гэж буй гэсэн мэдээ сагсан бөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн дунд тэсрэлт боллоо.
Өдгөө 26 настай Кени Вутен Жр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Тийм ээ, би Монгол Улсын иргэншилтэй болох гэж байна. Хэдийгээр энэ үйл явц амаргүй гэдгийг би мэдэж байгаа ч гэсэн би энд иргэн болохоор шийдсэн” хэмээн бичээд байна. Түүний хүсэлтийн хариу шийдэгдвэл тэрээр сагсан бөмбөгийн төрөлд манай улсын нэрийн өмнөөс хүчин зүтгэх анхны тамирчин болох юм.
Түүний хувьд өдгөө 26 настай, 206 см өндөртэй, довтлогчийн байрлалд тоглодог, NCAA-ийн 1-р дивизионд Орегон Дакс багт 2 жил тоглохдоо Pac-12 Conference-ийн бүх хамгаалалтын багт 2 жил дараалан нэрлэгдэж, тухайн 2 улиралдаа тус бүр 2+ хаалт дунджилжээ. Тэрээр 2019 оны NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй. Гэхдээ Нью Иорк Никс баг түүнтэй гэрээ байгуулж зуны лигт тоглож байжээ. Улмаар Никс багийн хөгжлийн лигт тоглож, NBA-ийн G-League-ийн бүх хамгаалалтын багт нэрлэгдэж байсан хамгаалалтын мэдрэмж сайтай, хаалт сайн хийдэг тоглогч гэдгийг онцлоод буй. Хамгийн сүүлд Унгар улсын A-Division-ны Parks Atomeromu багийн бүрэлдэхүүн багтаж тоглож байжээ.
Ийн Монголын сагсан бөмбөгийн хөгжилд маш том ахиц, дэвшил гарахаар чухал үйл явдал боллоо. Спортоос жүдо бөхийн төрөлд Иран улсын тамирчин Сайд Моллай манай улсын иргэн болж “Токио 2020” олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Эсрэгээрээ манай улсаас Б.Хорлоодой, Б.Нармандах нар Арабын Нэгдсэн Эмиратын нэр дээрээс барилдаж, тус улсын жүдод шинэ амжилтуудыг авчирч буй. Эдгээр нь легионер тамирчид ямар үр дүн гаргаж байгаагийн жишээ.
Санаж байвал саяхан даа. Манай үндэсний шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Японы багтай тоглоход тус улсын багт легионер тоглогч Алекс Кирк гэх нуруулаг тоглогч байсан. Манай залуус тэдний эсрэг сайн тоглосон ч Азийн номер нэг багийг буулган авч чадаагүй. Алдаа, дутагдал юу байсныг шигшээгийнхэн маань анзаарсан биз ээ.
Легионер гэх нэр томьёо шинэ байхаа болиод удаж байна. Дэлхийн бүх л улс орнууд спортын аль нэг төрөлдөө гадны тамирчдаар хүчээ зузаатгаж, том амжилтын төлөө өрсөлдөж, тамирчдынхаа амжилт ялалтаар уралдаж, бие биетэйгээ өрсөлддөг болоод байна.
Чухам хэн гэхээс илүү ямар улс амжилт гаргасан бэ гэдэг нь чухал болоод байгаа юм. Тиймээс бид дэлхийн жишигтэй хөл нийлүүлж, хөгжлийн шатанд хоцрохгүй байх хэрэгтэй байна. Тиймдээ ч сагсан бөмбөгийн спортыг хөгжлийн шинэ шатанд гаргахад легионер тамирчдын үр нөлөө зайлшгүй чухал.
Легионер тамирчинтай болж байгаа нь шигшээ багт тодорхой хэмжээний эерэг нөлөө, үр дүнг авчирна. Нөгөө талаас гадны улсаас легионер тамирчдыг авчирч байгаа нь хөрөнгө, мөнгө санхүүгийн тал дээр мөнгө зарж чадаж, сагсан бөмбөгийн спортоор бусад улсуудын зэрэгт хүрч очих боломжтой хэмжээнд хүрснийг бататгах нэг хүчин зүйл болж байна.
Үүний нэг жишээ нь сагсан бөмбөгийн спортыг олон улсын жишигт нийцүүлэхийн тулд тамирчдын цалин хөлсийг бодитой үнэлж эхлээд байгаа. Хамгийн их хүчин чармайлт, хөдөлмөр зүтгэлийг гаргаж буй хүмүүс бол тамирчин, дасгалжуулагч, арын алба, багийн эзэд.
Иймдээ ч цалин хөлс, урсгал зардал, хангамж сайжирч, багуудын хөрөнгө, мөнгө төсөв санхүү эрс нэмэгдсэн. Эрэгтэй багуудаас 3-4 нь тэрбум гаран төгрөгийн төсөвтэй болсон билээ.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, 3х3 сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, энэ жилийн лигт “INUT YES TLG” багтайгаа өрсөлдөж буй С.Тулга ч өөрийн цахим хуудаснаа Кени Вутен Жр монголын иргэншилтэй болох тухай “MGL3x3 болон 5х5 үндэсний шигшээ багт үсрэнгүй том амжилт ирэх болно. Манай тоглогч Монголын үндэсний шигшээ багийг 2,3 шат ахиулж Монгол түмний хүсэн хүлээсэн бүх амжилтыг гаргаж чадна” гэж сэтгэгдлээ хуваалцсан.
Хятад, Япон, Тайван, БНСУ, Филиппин гээд Азийн томоохон бүх орнууд энэ менежментээр сагсан бөмбөгийн спортдоо хөрөнгө оруулж ирснийг тэрээр мөн тодотгоод байгаа юм. Том ч амбицтай байна.
НБА-ын “G” лигт тоглож байсан, одоо Үндэсний дээд лигт “INUT YES TLG” багт хүчин зүтгэж буй Кени Вутен Жр гэх тамирчны иргэншлийн асуудал нааштайгаар шийдэгдвэл бусад улс ч Монголыг өөрөөр хүлээж авах нь цаг хугацааны асуудал болох биз. Дагаад хэдэн тамирчин, манай улсын иргэн болох хүсэлт гаргахыг таашгүй. Тийм шатанд хүрч байвал сагсан бөмбөгийн спорт сайн хөгжиж, өрсөлдөөн, амжилт нэр хүнд дагаад өсөх нь ойлгомжтой.
Сүүлийн таван жил Монголын сагсан бөмбөгийн 3×3 төрлийн баг тамирчид тив, Дэлхийн томоохон тэмцээнүүдэд удаа дараа өндөр амжилт үзүүлж, богино хугацаанд Дэлхийн сагсан бөмбөгийн спортод данстай болж, өөрийн эх орондоо ФИБА-н цуврал тэмцээнүүдийг ч хүлээн авч Монгол улсаа сурталчлан таниулаад буй. Нэг үеэ бодоход Монголчууд багийн спортоор бусад улстай эн тэнцүү өрсөлдөх чадах түвшинд хүрсэн. Харин энэ аялал хэрхэн цааш үргэлжлэхийг л харах үлдлээ.
One response to “Кени Вутен Жр: Тиймээ,би Монгол Улсын иргэншилтэй болох гэж байна”
Монгол хүүхнүүд их л таалагджээ…