Өнгөрсөн долоо хоногт НЭМҮТ болон СЭМҮТ-өөс өсвөр насныхан, залуусын согтууруулах ундааны хэрэглээ, донтолтын өнөөгийн байдал болон “Нууцлаг үйлчлүүлэгч” тандан судалгааны үр дүнг хэлэлцсэн билээ. Энэ талаар НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, доктор М.Ундрамтай ярилцлаа.
-Манай улсын өсвөр насныхны болон залуусын согтууруулах ундааны хэрэг лээний өнөөгийн байдал ямар байна вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?
-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2023 онд “Сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа” хийсэн. Энэ судалгаанд Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа 51 сургуульд суралцаж байгаа 8-12 дугаар ангийн 3311 сурагч оролцсон. Уг судалгааны үр дүнгээр хүүхдүүдийн 43 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө согтууруулах ун даа хэрэглэж үзсэн байсан. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор хоёр хүүхэд тутмын нэг нь 14 нас хүрэхээсээ өмнө согтууруулах ундаа хэрэглэж үзсэн гэсэн үг шүү дээ. Мөн 10 сурагч тутмын нэг нь сүүлийн 30 хоногт согтууруулах ундааг ямар нэгэн байдлаар хэрэглэсэн гэсэн үр дүн гарсан.
Үүнээс гадна Монгол Улсын өнцөг булан бүрээс 15-24 насны 1000 залууг хамруулж согтууруулах ундааны хэрэглээний түвшин, мөн хэрэглээнд нь ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа талаар судлаач Б.Батчимэг нар судалсан байдаг. Энэ судалгаагаар олон улсад түгээмэл ашиглагддаг “AUDIT-C” гэж товч сорилоор согтууруулах ундааны эрсдэлтэй хэрэглээг үнэлсэн. Судалгаанд хамрагдсан залуучуудын 13 хувь нь буюу мөн л арван залуу хүн тутмын нэг нь согтууруулах ундааны эрсдэлтэй хэрэглээтэй байсан. Эдгээр нь цаашдаа донтогч болох эрсдэл илүү өндөр бүлэг гэж ойлгож болно. Түүний дотор 15-17 настай хүүхдүүдийн 6.2 хувь нь эрсдэлтэй хэрэглээтэй байсан.
-Манай улсын өсвөр насныхан, залуусын согтууруулах ундааны хэрэглээг дэлхийн бусад улс орнуудтай харьцуулбал ямар байгаа вэ?
-Дэлхий дахинд өндөр орлоготой олон оронд өсвөр насныхны согтууруулах ундааны хэрэглээ буурч буй ерөнхий чиг хандлага ажиглагдаж байна. Үүнийг нийгмийн үнэт зүйл өөрчлөгдөх, олон нийтийн эрүүл мэндийн аян идэвхжих, залуу үеийн эрүүл мэнддээ анхаарах үзэл нэмэгдэх зэрэгтэй холбон тайлбарладаг. Харин зарим бага болон дунд орлоготой улс орнуудын хувьд баталгаатай мэдээлэл харьцангуй цөөн боловч согтууруулах ундааны хэрэглээг “нормчлох” буюу хэвийн үзэгдэл мэт ойлгох, хотжилт хурдсах, согтууруулах ундааны брэндүүдийн идэвхтэй сурталчилгаа нэмэгдэх зэрэг шалтгаанаар өсвөр насныхны согтууруулах у н дааны хэрэглээ тогтвортой хэмжээнд байх, эсвэл нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
-Өсвөр насныхан, залуучуудын согтууруулах ундааны эрсдэлтэй хэрэглээ ямар түвшинд байна вэ?
-Судлаач Т.Ганцэцэг нарын 18-64 насны 11,746 оролцогчийг хамруулсан судалгаагаар оролцогчдын 45.4 хувь нь согтууруулах ундааны хамааралгүй, 39 хувь нь бага эрсдэлтэй, 9.2 хувь нь дунд, 6.4 хувь нь өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогдсон бөгөөд 4.4 хувь нь эмнэлзүйн түвшний архины хамааралтай болох нь тогтоогдсон байна.
Харин 15–24 насны нийт 1002 оролцогчийг хамруулсан судалгаанд 13 хувь нь согтууруулах ун дааны эрсдэлтэй хэрэглээтэй гэсэн үр дүн гарсан. Насны бүлэг ахихад эрсдэлтэй хэрэглээ нэмэгдэж буй нь өсвөр үеэс насанд хүрэх шилжилтийн шатанд согтууруулах ундааны хэрэглээ огцом өсөх хандлагатай байгааг харуулж байна. Тухайлбал, 15-17 насанд 6.2 хувь, 1821 насанд 14.4 хувь, 22-24 насанд 23.8 хувь болон дөрөв дахин нэмэгдсэн юм. Иймд хүн амын насанд тохирсон бодлого, салбар дундын урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон эрүүл мэндийн үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэх шаардлага байгааг судалгааны дүн илэрхийлж байна.
-“Нууцлаг үйлчлүүлэгч” гэсэн тандалт судалгааны үр дүн хэрхэн гарсан талаар танилцуулахгүй юу?
-“Нууцлаг үйлчлүүлэгч” тандалт судалгаагаар 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарж байна уу, түүгээр үйлчилж байна уу гэдгийг тандсан. Энэ судалгаа нь согтууруулах ундааны худалдаа, үйлчил гээ эрхлэгчдэд хуулийг с урталчлах үндсэн зорилготой. 30 гаруй байгууллагыг судалгаанд хамруулсан. Ингэхдээ тандалтын нарийвчилсан аргачлал, удирдамж боловсруулж, 21 нас хүрээгүй сайн дурын тандалтын ажилтныг багтаа элсүүлж, сургасны дараа тандалтын ажилтан маань тухайн дэлгүүр, зоогийн газраас согтууруулах ундаа худалдаж авахыг оролдоно, эсвэл тухайн үйлчилгээний газраас согтууруулах ундаа авах оролдлого хийсэн. Энэ тохиолдолд тус байгууллагын ажилчид иргэний үнэмлэхийг нь шалгаж байна уу, эсвэл шууд л худалдаж байна уу гэдгийг л тандаж байгаа юм. Тэгэхэд иргэний үнэмлэхийг нь шалгаж байгаа тохиолдол маш хангалтгүй, иргэний үнэмлэхийг нь шалгаж байгаа ч гэсэн тухайн залуу гуйхаар зарчихдаг, эсвэл үйлчилчихдэг байдал нийтлэг байсан. Үүнээс дүгнэхэд, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 нас хүрээгүй хүнд согтуурах ундаа худалдахгүй гэсэн заалт хэрэгжихгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Маш цөөн тохиолдолд хуулийн дагуу тандалтын ажилтны иргэний үнэмлэхийг нь шалгасан байсан.
-Архи, согтууруулах ундаа бие махбод болон сэтгэцэд ямар нөлөөтэй байдаг вэ?
-Өсвөр, залуу насанд буюу 15-24 насанд шийдвэр гаргах, өөрийгөө хянах үүрэгтэй тархины урд дэлбэн болон сэтгэл хөдлөл, аюул мэдрэхэд оролцдог лимбийн тогтолцоо төлөвшдөг. Тиймээс энэ насанд согтууруулах ундаа хэрэглэх нь тархины дээрх дурдсан хэсгүүдийн үйл ажиллагааг бууруулж, аюулыг мэдрэх болон шийдвэр гаргах үйл явцыг доголдуулж, өөрийгөө хянах чадварыг бууруулан согтуугаар жолоодох, аюултай бэлгийн харилцаанд оролцох, бусад мансууруулах бодис хэрэглэх зэрэг эрсдэлтэй зан үйлд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн өсвөр, залуу насандаа согтууруулах ундаа үргэлжлүүлэн ихээр хэрэглэвэл урт хугацаандаа танин мэдэхүй, ой санамж, суралцах чадварт сөргөөр нөлөөлж, согтууруулах ундааг хэрэглэх эмгэг болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг даамжруулах эрсдэл нэмэгддэг. Мөн тархины урд дэлбэн, гиппокамп, амигдала, корпус каллосум зэрэг тархины чухал хэсгүүдийн хэмжээ багассанаар сэтгэл хөдлөл, танин мэдэхүй болон суралцах үйл явц доголдох аюултай. Мөн согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг залуусын ихэнх нь тамхи татдаг нь эдгээр сөрөг нөлөөг улам хүндрүүлж, амиа хорлох бодол төрөх, оролдлого хийх, сэтгэцийн эрүүл мэндийн хүндрэл үүсэх шалтгаан болдог.
-Өсвөр насныхан болон залуусын архины хэрэглээ ихсэх, донтох нь нийгэмд ямар сөрөг нөлөөтэй вэ?
Өсвөр насныхан, залуусын согтууруулах ундааны хэрэглээ мөнгөн утгаар илэрхийлэгдэж болох болон илэрхийлэгдэх боломжгүй харилцан уялдаатай сөрөг үр дагаврыг хувь хүн, гэр бүл, сургууль, ажлын байр, олон нийтийн түвшинд, эрүүл мэндийн салбар, улс орны нийгэм, эдийн засаг гээд олон түвшинд бий болгодог. Тиймээс энэ нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм.
Хамгийн наад зах нь хувь хүний түвшинд тархины хөгжлийн эмзэг шатанд өөрийгөө хянах, шийдвэр гаргах чадвар буурах, ой санамж муудах, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болох сэтгэлийн хямрал, түгшүүр, амиа хорлох эрсдэл нэмэгдэх зэрэг шинжүүд илэрнэ. Гэр бүлийн түвшинд архины нөлөөгөөр гэр бүл доторх үл ойлголцол, маргаан, хүчирхийлэл гарах зэргээр сөргөөр нөлөөлдөг. Нэг гэр бүлд нэг донтогч байхад аав, ээж, гэр бүлийнхэн, бүхэл бүтэн хамаатан саднаараа тэр хүнд санаа зовж, тэнд сэтгэц, нийгмийн асуудлууд бий болж байдаг. Улмаар өсвөр насныхан, залуусын хүмүүжил, боловсрол, сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлнө. Сургууль, олон нийтийн түвшинд суралцах үйл явц алдагдаж, сурлагын чанар доройтох, гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэл өндөрсөхийн зэрэгцээ салбар хоорондын үйл ажиллагааг хүндрүүлдэг.
Эрүүл мэндийн түвшинд элэгний өвчлөл, зүрх судасны эмгэг, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг архины шалтгаант өвчнүүдийн тархалт залуужиж, эмчилгээний зардал нэмэгдэн, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээний дарамт, ачаалал өсөхөөс гадна ажилгүйдэл, хөдөлмөрийн бүтээмж буурах явдал газар авч, эдийн засаг, нийгмийн хөгжлийг саатуулдаг.
-Согтууруулах ундаанаас татгалзах талаар хүмүүсийн мэдвэл зохих зүйл юу вэ?
-Манай судлаачийн хийсэн судалгаагаар залуу хүмүүс ихэвчлэн нийгэмших, арга хэмжээг илүү хөгжилтэй болгох, эсвэл тулгарсан асуудлаа даван туулахын тулд согтууруулах ундаа хэрэглэдэг, мөн энэ талаарх мэдлэг төдийлөн хангалтгүй гэсэн үр дүн гарсан. Залуучууд илүү хүчирхэг, өөртөө итгэлтэй, асуудлыг олон талаас нь харж шийддэг, чөлөөт цагаа зөв өнгөрөөдөг байхыг хүсдэг ч энэ нь ганц хүнээс 100 хувь шалтгаалахгүй тул гэр бүл, сургууль, нийгмийн оролцоо, дэмжлэг чухал байдаг. Үүнээс гадна өсвөр насныхан, залуус найзаа төдийгүй сошиал инфлүүнсэрыг хүртэл зөв сонгох, нэгнийгээ эерэгээр дэмждэг хүрээлэлтэй байх нь архи зэрэг эрсдэлтэй зан үйлд уруу татагдах, буруу сонголт хийхээс урьдчилан сэргийлдэг. Тухайлбал, спортоор хичээллэх нь нэг талаас цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөж, нөгөө талаас аливаа асуудлыг оновчтой шийдэх ур чадварыг суулгадаг. Мөн зан үйлийн хор уршиг, эрсдэлийн талаар тодорхой мэдээлэлтэй байснаар залуучууд өөрийгөө болон бусдыг хамгаалах, зөв шийдвэр гаргах чадвараа хөгжүүлж, архи, тамхи зэрэг эрсдэлтэй хэрэглээнээс сэргийлэх үндсэн суурийг тавьдаг. Тиймээс эцэг эх, багш, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн байгууллагууд төдийгүй бүхий л байгууллага, хувь хүн өсвөр насныхан, залууст “ээлтэй” орчин бүрдүүлэхэд анхаарч, энэ талын мэдээллийг тасралтгүй хүргэж, хүүхэд залууст эерэг дадал, хэвшил суулгахыг хамтран хэрэгжүүлэх нь чухал байна. Ингэснээр бие бялдрын болон сэтгэл зүйн хувьд бие хүн болон бэхжих, өөртөө итгэх итгэлээ бататгах, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадварыг дээшлүүлэх таатай боломж бүрдэнэ.
Э.Цэнд-Аюуш