1 их наяд 964 тэрбум 757 сая 300 мянга. Энэхүү олон оронтой тоо бол Эрүүл мэндийн даатгалын сангийн өнгөрсөн жилийн төсөв. Үүнээс 2 их наяд 151 тэрбум 566 сая 400 мянгыг зарцуулжээ. Тэгвэл 2023 онд тус санд 1 их наяд 608 тэрбум 715 сая төгрөг цугларсан бол 1 их наяд 841 тэрбум 118 саяыг зарцуулсан байв. Зарлага нь дандаа төсвөөсөө хэтэрсэн байгаа биз.
ЭМДС бол Засгийн Газрын тусгай сангуудын нэг. Нийгмийн даатгалын сангууд дотроо цугладаг, зарцуулдаг мөнгөний хэмжээгээрээ Тэтгэврийн даатгалын сангийн дараа ордог, 2 дахь том сан. Гэвч энэ сан өнгөрсөн оны сүүлчээр хоосорч, эмнэлгээр үйлчлүүлэгчдийг сандаргав. ХСҮТ-ийн үйл ажиллагаа өнгөрсөн жилийн 4-р сараас доголдож, хими эмчилгээ тасран, 8 тэрбум төгрөгийн алдагдалд орж, 20 тэрбум төгрөгийн өрөнд унасан тухай захирал нь ярьж байлаа. Яагаад ийм юм болов?
Энэ төсвийг ерөнхийлөн захирагч нь Эрүүл мэндийн сайд. Үндсэндээ эмч нар энэ санг удирдаж, мөнгийг нь захиран зарцуулж байна. Гэтэл санг эмч биш, санхүүгийн мэргэжилтэй хүн удирдах учиртай. Мөнгийг мэргэжлийн бус хүний гарт өгснөөс болоод, ЭМДС хоосорч, иргэдэд хүндрэл учруулсан гэж эмч нар ч, санхүүгийн мэргэжилтнүүд ч дуу нэгтэй дүгнэж байна.
“Даатгалын санг хариуцаж, менежмент хийж байгаа хүмүүс ямар эмнэлэг, эмчилгээнд санхүүгээ хэрхэн зарцуулах вэ гэдэг бодлогоо барих байсан. Ийм бодлогогүйгээс болж, ЭМДС-гийн мөнгийг гарын салаагаар урсгасан. Үүнээс болж даатгалын сан мөнгөгүй болсон” гэж ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү ярьж байв.
СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш Ч.Өнөржаргал энэ талаар “ЭМДС-гийн мөнгийг ЭМЯ захиран зарцуулж байна. Үүнийг дагаад ЭМДЕЗ чинь ЭМЯ-ны харьяа болчихлоо. Даатгал, санхүүгийн харилцааг мэдэхгүй байгууллага ЭМДС-гийн менежментийг хариуцаж байна. Өдий төдий алдаа гаргаад, үе үеийн дарга нар нь баривчлагдаад яваад байгаа биз дээ. ЭМДЕГ-ын даргын ажлыг эмч, эмнэлгийн мэргэжлийн хүн хийж чадахгүй. Тэрийг санхүүгийн мэргэжлийн хүн хийнэ. ЭМЯ-ны тавилга хэрэгсэл, тоног тохөөрөмжийг хүртэл ЭМДС-гаас авсан гэсэн. Төр хариуцах ёстой зардлаа даатгуулагчдад мэдэгдэхгүйгээр ЭМДС-гаас санхүүжүүлчхээд байх шиг байна. Би тэгж хардаж байгаа. Тэгдэг ч юм байна лээ. Менежмент нь муу байгаа учраас ЭМДС хоосорч, эмнэлгүүд төлбөртэй үйлчиллээ. Өмнө нь НДЕГ-тай хамт байж болоод байсан. Тусдаа байгууллага болгож, өчнөөн дарга, мэргэжилтэн ажиллуулж байна. Тэр хэрээр ЭМДС-гаас хариуцах захиргааны зардал нэмэгдсэн. ЭМДЕГ-ыг татан буулгах шаардлагатай” гэж ярилаа.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) 2023 онд 9.8 тэрбум төгрөгийн өнгөрсөн жил 15.7 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллан, бүгдийг нь зарцуулж дууссан байв. Энэ мөнгийг ЭМДС-гаас гаргадаг. Даатгуулагчдын эрүүл мэндэд зарцуулах ёстой мөнгийг хүний цалин, бичгийн цаас, цахилгаан, дулааны төлбөр гэх мэтэд үрж байна гэсэн үг.
Мөнгийг мэргэжлийн бус хүний гарт өгснөөс болоод, ЭМДС хоосорч, иргэдэд хүндрэл учруулсан гэж эмч нар ч, санхүүгийн мэргэжилтнүүд ч дуу нэгтэй дүгнэж байна
ЭМДС-г өмнө нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ) Нийгмийн даатгалын сантай хамт хариуцдаг байв. 2017 онд Засгийн Газар ЭМНДЕГ-ын бүтцийг өөрчилж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг салган, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд НДЕГ-ыг байгуулж, ЭМЯ-ны харьяанд ЭМДЕГ-ыг өгсөн юм. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын шимтгэл цуглуулах, ЭМДС-д шилжүүлэх ажлыг НДЕГ хийдэг хэвээрээ. Тэгэхээр одоо ЭМДЕГ-ыг татан буулгаж, НДЕГ-т шилжүүлбэл ямар ч асуудал үүсэхгүй.
Аман дээрээ хэмнэх тухай ярьдаг ч ачир дээрээ татвар, шимтгэл төлөгчдийн мөнгийг Засгийн Газар яаж үрдгийг ганцхан тооноос харцгаая. ЭМДЕГ 170 ажилтантай. Тэдний 42 нь орон нутагт, 128 нь ерөнхий газартаа ажилладаг. 2023 онд ЭМДЕГ болон ЭМДҮЗ-ийн үйл ажиллагааны зардалд ЭМДС-гаас 10 тэрбум 285 сая төгрөг гаргажээ. Тэгвэл өнгөрсөн жил 16 тэрбум 445 сая төгрөг зарцуулсан байв. ЭМДЕГ-ыг татан буулгавал энэ мөнгийг хэмнэнэ. Уг нь энэ мөнгийг иргэд эрүүл мэнддээ зориулахаар цалин, орлогоосоо суутгуулсан юм. Гэтэл Засгийн Газар төрийн албан хаагчдынхаа тоог нэмэх, тэднийгээ ажилтай байлгахад үрж байна.
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн албан тушаал, эрх мэдлээ ашиглан, олон эмнэлгээс авлига авч, өвчтөнийх нь тооноос хэтийдсэн санхүүжилтийг ЭМДС-гаас олгож байсныг АТГ тогтоосон. Чононд хонь хадгалуулснаа ингэж мэдсэн Засгийн Газар түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Энэ байгууллагыг тусад нь гаргаснаар гийгүүлсэн юм алга. ЭМДС-г л тонох шив. Салхил хүртээд, шал дордов.
Ажлаа төсөвтөө багтааж чадалгүй, он дуусах болоогүй байхад ЭМДС-г хоосолчихсон нь ЭМЯ, ЭМДЕГ, ЭМДҮЗ ажлаа мэдэхгүй, менежментээ зөв хийж чадахгүй, сангаа удирдаж чадахгүй байгаагийн илрэл
ЭМДС өнгөрсөн жил 1 их наяд 933 тэрбум төгрөг зарцуулах төсөвтэй байсан ч оны эцсээр 2 их наяд 151 тэрбум төгрөг зарлагадаад байв. Батлагдсан төсвөө 218.3 тэрбум төгрөгөөр хэтрүүлжээ. Үүний 60.6 тэрбум нь 2022 оны өглөг. Тэгвэл цаана нь 157.7 тэрбум төгрөгийн зөрүү гарч байна. Ажлаа төсөвтөө багтааж чадалгүй, он дуусах болоогүй байхад ЭМДС-г хоосолчихсон нь ЭМЯ, ЭМДЕГ, ЭМДҮЗ ажлаа мэдэхгүй, менежментээ зөв хийж чадахгүй, сангаа удирдаж чадахгүй байгаагийн илрэл. Тус санг удирдах, хяналт тавих үүрэг ЭМДҮЗ-д бий. Эрүүл мэндийн сайдаар даргалуулсан энэ зөвлөл 9 гишүүнтэй. 3 нь Засгийн Газрыг, 3 нь ажил олгогчдыг, 3 нь даатгуулагчдыг төлөөлдөг. Үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал. Энэ зөвлөл сүүлийн жилүүдэд ихээхэн өгөөмөр загнаж, баахан хөнгөлөлт үзүүлсний гор ч гарсан. Түүнийхээ хариуцлагыг яаж хүлээх юм бол?
Эмнэлгүүд алдагдалд орсон хэрнээ үйл ажиллагаагаа оны эцэс хүртэл хэвийн явуулж чадсан нь 2023 оны үлдэгдлээ ашигласантай холбоотой аж. Тэр үлдэгдэл нь дууссан. Өнөө жил ашиглах нөөц үлдээгүй тул ажиллагсдынхаа цалинг тавьж чадахгүйд ч хүрч мэднэ.
Ноднин ЭМДС-гийн мөнгө хүрэлцээгүй, яагаа ч үгүй дууссан гэдэг шалтгаанаар өнөө жилийн орлого, зарлагаа өндөр дүнгээр нэмжээ. Энэ онд ЭМДС-д 2 их наяд 727.1 тэрбум төгрөг цуглуулж, 2 их наяд 475.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөв. Даатгуулагчдаас авах шимтгэл тэр хэрээр нэмэгдэнэ. Үүнийг өнгөрсөн жилийн төсөвтэй харьцуулбал орлого 527.9 тэрбум төгрөгөөр (27.3%), зарлага 542.4 тэрбум төгрөгөөр (25.2%) нэмэгдэх нь. Орлого нэмэгдвэл зарлагаа дагуулаад нэмэх нь байна. ЭМДЕГ болон ЭМДҮЗ-ийн үйл ажиллагааны зардалд өнөө жил 19 тэрбум 818.3 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Эдгээр байгууллагын зардал уржнан 10 тэрбум байсан бол ноднин 6 тэрбумаар нэмэгдэж, 16 тэрбум болсон. Одоо дахиад 3 тэрбумаар өсөж, 19 тэрбум болон, жилээс жилд нэмэгдэж байна. Ийм их зардалтай байгууллага, том байшин тусад нь байлгах шаардлага алга. ЭМДЕГ-ыг татан буулгаж, НДЕГ-т нэгтгэе!