2 фунт стерлингийн зоосон дээр зохиолч Жорж Оруэллын хөргийг мөнхжүүлнэ


“1984”, “Амьтны ферм” зохиолуудаараа дэлхийд алдаршсан Английн зохиолч Жорж Оруэллын дурсгалыг хүндэтгэж, түүнийг нас барснаас 75 жилийн дараагаар Их Британийн үндэсний зоос үйлдвэрлэгч Royal Mint байгууллагын зүгээс зохиолчийн хөрөг бүхий 2 фунт стерлингийн зоос гаргахаар болсноо зарлажээ.

2 фунтын зоосны нэг талд зохиолж Ж.Оруэллын хөрөг байх бол нөгөө тал нь түүний “1984” зохиолоос сэдэвлэсэн, голдоо “Том Ах”-ыг бэлгэдсэн том нүдтэй, тойроод “Том Ах чамайг харж байна” хэмээх зохиолын алдартай өгүүлбэрийг тойруулан бичсэн хэв загвартай байх ажээ.

“Жорж Оруэллын зохиол бүтээлүүд үеийн үед нөлөө үзүүлж, түүний хамгийн алдартай бүтээлүүд нь одоог хүртэл судлагдсаар байгаа бөгөөд хорьдугаар зууны алдарт зохиолч Жорж Оруэллд хүндэтгэл үзүүлж, түүний хөрөг бүхий өвөрмөц загвартай энэхүү зоосыг гаргаж байгаадаа үнэхээр баяртай байна” хэмээн Royal Mint байгууллагын тусгай дурсгалт зоосны хэлтсийн дарга Ребекка Морган мэдэгджээ.

Хэдийгээр орчин цагт Их Британи гэлтгүй дэлхийн ихэнх улс оронд зоосны хэрэглээ багасаад байгаа ч 2 фунтын дурсгалын зоос нь цуглуулагч нарын дунд маш их эрэлттэй байдаг байна. Хоёр өөр өнгийг хослуулсан, 2 фунтын зоос 1998 онд анх гарч байснаасаа хойш Уилльям Шекспир, Жэйн Остен, Ж.Р.Р Толкин гэх зэрэг утга зохиолын салбарын болон бусад алдартнуудын хөрөг зураг бүхий нийт 50 гаруй загвар дизайнтайгаар үйлдвэрлэгдэн гарсан байна.

Харин зохиолч Жорж Оруэллын хөрөг бүхий очир эрдэнэтэй, алтан болон мөнгөн гэсэн 3 хувилбараар гарах энэхүү шинэ дурсгалын зоосыг энэ сарын 15-наас эхлэн Royal Mint-ийн вебсайтаар худалдаалж эхлэхээр болсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *