Ирэх долоо хоногт тангараг өргөж, албандаа орох гэж байгаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп гадаад татварын алба байгуулж, хөрш зэргэлдээх болон бусад улс орнуудын бараа бүтээгдэхүүний импортод ногдуулахаар зарласан өндөр татвар, хураамжийг тэрхүү албаараа дамжуулан цуглуулна хэмээн мэдэгджээ.
Тэрээр “External Revenue Service” хэмээн нэрлэсэн гадаад татварын албыг байгуулах талаараа мягмар гарагт өөрийн хувийн нийгмийн сүлжээ болох “Truth Social” платформдоо мэдэгдсэн байна.
Тус агентлаг нь татвар хураамж, татварын орлого, гадаадаас олсон бүх орлогыг бүрдүүлэх үүрэгтэй байх ба энэ сарын 20-ны өдөр буюу түүний ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа орох өдөр байгуулагдах болно гэжээ.
Д.Трамп ирэх долоо хоногт Цагаан ордонд эргэж ирсэн даруйдаа импортын татварыг цуглуулах уг шинэ төрийн агентлагийг байгуулна гэдгээ мэдэгджээ. Д.Трамп “Бид хэтэрхий удаан хугацаанд Дотоодын татварын албаар (IRS) дамжуулан америкийн агуу ард иргэдээсээ цуглуулсан татварын орлогод суурилж, тус албанд найдсаар ирсэн. Хэтэрхий зөөлөн, сул дорой худалдааны гэрээнүүдийн ачаар Америкийн эдийн засаг дэлхийн эдийн засагт өсөлт, хөгжил цэцэглэлтийг авчрахдаа өөрсдийн иргэдээс л татвар авч байсан. Одоо энэ байдлыг өөрчлөх цаг нь ирлээ. Би өнөөдөр External Revenue Service (ERS)-ийг байгуулах болно гэдгээ зарлаж байна” гэжээ.
Хэдийгээр түүний зарласан энэхүү агентлаг ямар статустай байх нь тодорхойгүй байгаа ч Трампын нийтлэлээс Дотоод татварын албатай ижил холбооны засгийн газрын харьяа алба болох нь харагдаж байна.
Д.Трамп төрийн тэргүүний албан тушаалаа авсныхаа дараа Канад, Мексикээс АНУ-д импортолж буй бүх бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт татвар ногдуулна гэдгээ 2024 оны 11-р сард мэдэгдэж байсан юм.