Мөрийтэй тоглоомын хар сүүдэр Монголын өрх бүрд тусаад нэлээдгүй жил өнгөрлөө. Сургуулийн сурагчдаас эхлээд, оюутан залуус, тэр ч бүү хэл 30 гарчихсан амьдрал ахуй нь тогтчихсон хүмүүс мөрийтэй тоглоомд донтож байгааг олон жишээ, судалгаа харуулж буй. Мөрийтэй тоглоомд донтох гэж яг юу вэ, донтсон гэдгээ хэрхэн мэдэх вэ гэдэг талаар СЭМҮТ-ийн их эмч, сэтгэлзасалч, донтох эмгэг судлаач Ж.Гантулгатай ярилцлаа.
–Урилга хүлээн аван ярилцаж байгаад баярлалаа. Монголд мөрийтэй тоглоом ямар хэмжээнд байна вэ? Үүнд донтсон хүмүүс танайд хэр их хандаж байна?
Танай хамт олонд болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Манай төв мөрийтэй тоглоом тоглодог хүмүүст чиглэсэн, өөртөө туслах бүлгийн уулзалтыг сар болгон хийж байгаа. 2020 оноос хойш хүмүүс манай эмнэлэгт их хандах болсон. Зарим нь хэвтэн эмчлүүлж байна. Ер нь мөрийтэй тоглоом тоглох залуучууд эрс нэмэгдсэн. Зарим ажил олгогч хүртэл энэ чиглэлээр хамтарч ажиллах, ажиллагсдадаа сургалт хийлгэхээр хандаж байгаа. Ялангуяа олон залуучууд ажилладаг, уул уурхай, инженерүүдийн салбарт мөрийтэй тоглоом тулгамдсан асуудал боложээ. 2025 онд энэ тал дээр нэлээдгүй ажил хийхээр СЭМҮТ төлөвлөж байгаа. Яагаад гэхээр энэ бол өмнө нь огт байгаагүй шинэ зүйл. Мөрийтэй тоглоом бол өмнө нь байсан. Гэхдээ ингэж олныг хамарсан тохиолдол гарч байгаагүй.
– Покер, бит гээд олон тоглоом байгаа. Үүнд хүн өөрийгөө донтсоныг яаж мэдэх вэ. Донтолтын шинж тэмдэг яаж илрэх вэ?
Алдсан мөнгөний тоо чухал биш. Тухайн хүн өөрийгөө хянаж чадаж байна уу, үгүй юү гэдэг л хамгийн чухал. Донтох эмгэгтэй болсон хүний тоглох давтамж нэмэгдэнэ, мөрийд тавьдаг мөнгө нь ихэснэ, хүнээс худлаа хэлж мөнгө зээлнэ, “Алдсан мөнгөө олоод л боллоо” гэж өөрийгөө хуурна. “Би алдсан 10 сая төгрөгөө олчхоод, ахиад тоглохгүй” гэж ярьдаг ч бодит байдал дээр тэгж чаддаггүй. Өөртөө хяналт тавьж чадахгүй байна гэдэг нь тухайн хүн донтох эмгэгтэй болсныг илэрхийлж байгаа юм.Тоглоомтой нөхөрлөөд даруйхан зогсоох, хэрэв өөрөө зогсоож чадахгүй бол мэргэжлийн хүнд хандах гэдэг сонголтыг л хийх хэрэгтэй гэж боддог.

–Донтох эмгэгтэй болсон хүн эргээд засрах боломжтой юу?
Засрах боломж байгаа. Гэхдээ болж өгвөл эртхэн ухаарах хэрэгтэй. Ухаарч ойлгоод, өөрийгөө хүлээн зөвшөөрсөн бол донтолтын чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хүнд хандах нь зүйтэй. Яагаад гэвэл сэтгэлзасалч , сэтгэлзүйч болгон донтолтын чиглэлээр дагнасан хөтөлбөртэй байдаггүй. Манай СЭМҮТ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 12 алхамт эмчилгээг санал болгодог. 7 хоногт 2-3 удаа уулзаад, 12 алхамт эмчилгээ хийнэ гэсэн үг. Ханиад хүрээд халуурахад, уугаад өвчнийг алга болгодог эм шиг ид шидийн зүйл мөрийтэй тоглоомд байдаггүй. Суурь эмчилгээ нь сэтгэл засал. Донтох эмгэг их амаргүй зүйл. Удаан хугацаанд үргэлжилдэг, хүнд эмгэг.
-Танд хэр олон хүн хандаж байна. Амьдралаараа дэнчин тавьсан, хамаг хөрөнгө мөнгөө алдсан хүн ирж байна уу?
Надад хандаж байгаа хүмүүсээс харахад, тоглож байгаа үйл явц нь адилхан байна. Гэхдээ өрийн хэмжээ нь өөр өөр. Хамгийн их өр тавьсан хүн 1 тэрбум 100 сая төгрөгийн өр тавьж, тоглосон байсан. Донтох эмгэгтэй болсон хүн яаж ийгээд мөнгө олдог. Олсон мөнгөө дуустал нь тоглодог. Нэг жишээ дурдахад, хөдөөнөөс 1 залуу гэр бүл манайд хандсан. 2 хүүхэдтэй. Төрийн албанд ажилладаг залуу хуримаа хийж, байр авах гээд 60 сая төгрөг хадгалсан юм байна лээ. Тэгсэн нөхөр нь мөрийтэй тоглоомд тэр мөнгөө алдсан. Үүн дээр хүнээс, ээж ааваасаа зээлсэн мөнгө нэмэгдэнэ. Ийм их мөнгөний асуудал яригдах үед гэр бүл тогтворгүй болж эхэлнэ. Олон жишээ бий.
-Үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгалах тал дээр хэр анхаардаг вэ?
Яг эмчилгээ хийж байгаа эмчийн хувьд үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгалах ёс зүйн дүрэмтэй. Надад хандаж, үйлчлүүлсэн хүний нэр, нас, ажил, мэргэжил бүгдийг нь нууцалж, эмчилгээ хийдэг. Тэгэхээр тулгамдаж байгаа асуудлаа эмчлэгч эмчдээ бүгдийг нь хэлэх ёстой. Тухайн хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тэр үед сэтгэлийг нь тэнцвэржүүлэх нь хамгийн чухал байдаг.
-Залуучууд мөрийтэй тоглоом их тоглож байна. Донтож байна. Үүний шалтгааныг Та юу гэж хардаг вэ?
Энэ тоглоомын ард айхтар систем ажиллаж байгаа шүү дээ. Эхлээд тоглож байгаа хүнд өгнө, дараа нь авна. Өгч аваад, хүнийг дасгадаг юм шиг санагддаг. Жишээ нь: 100 мянган төгрөгөөр тоглоод, 3 сая төгрөг авч байгаа хүний сэтгэл шууд хөөрнө. Сар ажиллаж олох мөнгийг 5 минутад олсон хүн цаашдаа “Би ажил хийгээд хэрэггүй юм биш үү. Ингээд амархан мөнгө олж болох юм байна” гэсэн бодолтой болдог. Энэ бол мөрийтэй тоглоомыг цааш нь үргэлжлүүлж тоглох нэг том урхи гэж ойлгож болно. Тэгээд цаашаа асуудал үүсэх үед хүн өөрийгөө барих чадваргүй болж эхэлнэ.
Системээр ажилладаг тоглоомын урхинд л ороод байна. Ухамсартай байх хэрэгтэй байна. Амархан аргаар мөнгө олох гэж хичээж байна. “Мөрийтэй тоглоомоос олсон мөнгө юм болдоггүй” гээд манайхаар үйлчлүүлдэг олон хүн хэлж байсан.
–Зарим хүн ээж аавынхаа, дансанд байсан мөнгөөр нь тоглож, гар утсыг нь ашиглан зээл авч байна гэж та түрүүн ярилаа. Иргэд энэ тал дээр яаж сэрэмжлэх ёстой вэ?
Нэгэнт донтсон хүнд ээж, аав, эхнэр, хүүхэд, хэн ч хамаагүй болдог. Нэг залуу ээжийнхээ дансанд байсан 5 сая төгрөгөөр тоглоод, нэмж гар утсан дахь мобайл банкнаас нь зээл аваад, тоглочихсон тохиолдол гарсан. Бүр тэтгэврийн зээлийг нь хүртэл авч байна. Тэгэхээр иргэд банкны нууц үг, хамгаалалтаа сайжруулах хэрэгтэй. Зарим хүн “Үнэхээр арга барагдаад ирлээ” гэдэг. Эвээр нэг хэлнэ, зохиж зодно, уйлна, өрөвдөнө. Олон асуудал гардаг юм байна. Мэдээж хэдэн жил хөдөлмөрлөж хураасан мөнгийг нь 5-хан минутын дотор мөрийтэй тоглоомд алдсаныг мэдсэн хэн ч шооконд орно шүү дээ.
–Магадгүй энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүс дотор мөрийтэй тоглоомын донтолт гэдэг зүйлтэй нүүр тулсан, өөрийгөө мэдэхгүй, яахаа шийдэж чадахгүй байгаа хүн байж болзошгүй. Донтсон, эсвэл өөрийгөө донтсон гэдгийг мэдэхгүй яваа хүмүүст хандаж, юу хэлэх вэ?
Нэгэнт энэ зам руу орсон хүнд эмчлүүлж эрүүлжих үү, энэ чигээрээ яваад дуусах уу гэдэг л хоёр сонголт бий. Энэ чигээрээ яваад дуусах гэдэг дээр амь настай холбоотой асуудал яригдана. Хүний амь ямар их үнэ цэнтэй зүйл билээ, хүний амьдрал ямар нандин зүйл билээ. Тэгэхээр мэргэжлийн хүнд хандаад, чиглүүлээд явбал, гарц гаргалгаа байдаг. Энэ асуудлыг би ганцаараа дийлэхгүй юм байна гэдгээ эрт ухаараад, гэр бүлийнхэндээ үнэн учраа хэлж ярилцаад, мэргэжлийн хүнд хандаарай.
Би хаана оччихоод байна, одоо хаашаа явах вэ гэдгийг туршлагатай хүмүүс маш сайн чиглүүлж өгнө. Яг донтох эмгэгтэй болсон хүмүүс “Биеийн шаналлаас сэтгэлийн шаналал илүү хэцүү байдаг юм байна” гэж хэлдэг. Тэгэхээр “Бэлэн хоол хулганы хавханд л байдаг гэдгийг маш сайн бодож үзээрэй” гэж хэлье.