АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама ирэх долоо хоногийн эхээр зохиогдох Д.Трампын тангараг өргөх ёслолын арга хэмжээнд оролцохгүй гэдгийг түүний ажлын албанаас мягмар гарагт мэдэгджээ.
Барак болон Мишель Обама нарын ажлын албаны зүгээс гаргасан мэдэгдэлд “АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама 60 дах удаагийн ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа орох ёслолд оролцоно. Тэргүүн хатагтай асан Мишель Обама ирэх долоо хоногт зохиогдох ёслолын арга хэмжээнд оролцохгүй” хэмээн бичсэн байна.
АНУ-ын аливаа шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд өмнөх төрийн тэргүүн, тэргүүн хатагтай нар ирж оролцдог уламжлалтай бөгөөд М.Обама-гийн хувьд энэхүү төрийн уламжлалыг эвдэж байна. М.Обама өнгөрсөн долоо хоногт нийслэл Вашингтон хотноо болсон АНУ-ын ерөнхийлөгч агсан Ж.Картерыг эцсийн замд нь үдэж, салах ёс хийх төрийн оршуулгын ёслолд мөн ирж оролцоогүй юм.
Мишель Обама Д.Трампыг эсэргүүцдэг гэдгээ нээлттэй илэрхийлдэг нэгэн бөгөөд өмнө нь тэрээр Трампыг хэлж буй үг, үзэл санаагаараа түүний гэр бүлийг аюултай байдалд оруулж байна хэмээн буруутгаж байсан ч 2017 оны 1-р сард Д.Трампын анхны тангараг өргөх ёслол дээр өөрийн хувийн мэдрэмжийг хойш нь тавьж, Д.Трампыг эхнэр Меланиа-гийн хамт Цагаан ордонд угтан авч байсан бол эсрэгээрээ Трампын гэр бүл 2021 онд Ж.Байдены тангараг өргөх ёслолд оролцож байгаагүй билээ.
Харин ирэх даваа гарагт болох Д.Трампын хоёр дах удаагаа тангараг өргөх ёслолд АНУ-ын өмнөх төрийн тэргүүн Жорж В.Буш эхнэр Лаура Бушийн хамт, Билл Клинтон эхнэр Хиллари Клинтоны хамтаар оролцоно гэдгийг эх сурвалжууд мэдээлээд байна.