НАТО далайн усан доогуурх кабелийг хамгаалах шинэ ажиллагааг эхлүүллээ


Өнгөрсөн жил Балтийн тэнгисийн усан доорх эрчим хүчний кабель гэмтэж, тасарсан хэрэг явдалтай холбогдуулан НАТО-гийн зүгээс кабелийн шугамыг хамгаалах шинэ ажиллагааг эхлүүлээд байна.

Энэ талаар Финландын нийслэл Хельсинки хотноо зохиогдож байгаа НАТО-гийн чуулга уулзалтын үеэр НАТО-гийн ЕНБД Марк Рютте зарлан мэдэгдэж, “Baltic Sentry” хэмээн нэрлэсэн энэхүү ажиглалт тандалт, хамгаалалтын тусгай ажиллагаанд олон тооны эргүүлийн нисэх онгоц, байлдааны усан онгоцууд болон дрон оролцуулах болно гэжээ.

Хэдийгээр өнгөрсөн жил далайн доогуурх кабелийн шугам гэмтсэн хэрэг явдлын ард хэн байсныг тогтоогоогүй ч НАТО-гийн тэргүүн мэдэгдэлдээ барууны хоригт өртсөн Оросын гарын тос тээвэрлэгч, “эзэмшигч нь тодорхойгүй” хөлөг онгоцуудыг онцгойлон хянах болно гэсэн байна. 

Далай, тэнгисийн доогуур барьж байгуулсан дэд бүтцүүд нь зөвхөн цахилгаан, эрчим хүчний нийлүүлтээс гадна интернетийн хэрэглээний 95 хувь нь далайн доогуурх кабелийн шугамаар холбогдон явж байдаг тул Марк Рютте “энэхүү чухал шаардлагатай дэд бүтцийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангахын тулд НАТО чадах бүхнээ хийх болно” гэдгийг онцоллоо.

Тэрээр далайн доогуур 1.3 сая км урт үргэлжилсэн кабелийн шугамаар өдөр бүр 10 их наяд ам.доллартай тэнцэх санхүүгийн шилжүүлгүүд хийгддэг тул зайлшгүй хамгаалах шаардлагатай гэдгийг тодотгосон байна.

Сүүлийн саруудад Балтийн тэнгисийн доорх дэд бүтцүүдэд тодорхойгүй шалтгаанаар гэмтэл гарах явдал нэмэгдээд байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын сүүлээр Финланд, Эстонийн хооронд цахилгаан эрчим хүч дамжуулах шугам гэмтсэн бөгөөд тухайн үед Финландын эргийн хамгаалалтын алба тус улсын усан хилээр нэвтэрсэн Күүкийн арлуудын туг далбаа бүхий газрын тос тээвэрлэгч Eagle S загварын хөлөг онгоцыг саатуулж байсан юм. Тухайн онгоцыг саатуулах үед өөр цахилгааны шугамыг тасдана хэмээн сүрдүүлж байсан талаар Финландын Үндэсний мөрдөх товчооны зүгээс даваа гарагт Ройтерс агентлагт мэдээлжээ. Эстонийн Гадаад хэргийн сайд Маргус Цахкна өнгөрөгч сард мөн дэд бүтцийн гэмтлийг “санаандгүй”, эсвэл “жолоодлогын алдаанаас үүдэлтэй” гэх зэрэг хувилбаруудаас татгалзаж байгаа талаараа мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч Финланд, Эстони, Швед зэрэг улс орнуудын эрх баригчид далайн доогуурх кабелийн шугамын гэмтэлтэй холбоотой болж өнгөрсөн хэрэг явдлуудад шууд ОХУ-ыг буруутгаагүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *