Хүнсний бүтээгдэхүүн, шингэн хүнсэнд хурц, тод хүрэн улаан өнгө оруулдаг 3 дугаарын синтетик будагч бодисын хэрэглээг АНУ-д хориглосон байна.
“Red No 3, red dye 3” буюу 3 дугаарын улаан өнгийн будагч бодисыг хүнсэнд хэрэглэснээр хорт хавдар үүсгэдэг болохыг лабораторид хархнууд дээр хийсэн туршилт судалгааны дүн харуулсантай холбоотойгоор энэхүү синтетик будагч бодисын хэрэглээг бүрмөсөн хориглож байгааг АНУ-ын Хүнс, эмийн албаны зүгээс лхагва гарагт албан ёсоор зарлан мэдэгджээ.
Хэдийгээр энэхүү будгийн зохист хэмжээ бүхий хэрэглээ нь хүний биед хархтай харьцуулахад харьцангуй бага хор хөнөөлтэй ч аливаа хэрэглээний бодисоос хорт хавдар үүсгэгч илэрсэн л бол шууд хориглодог хуулийн заалттай тул ийнхүү 3 дугаартай улаан өнгийн хүнсний будагч бодисыг хориглоод байна.
Уг будагч бодисыг өнөөдрийг хүртэл ундаа, чихэр, бялуу, жигнэмэг, хөлдөөсөн амттанууд, ханиадны эсрэг сироп зэрэг зарим эм, бэлдмэлд мөн хэрэглэж байсныг АНУ-ын Хүнс, эмийн албанаас мэдээлжээ. Тус албаны зүгээс мөн одоогоос 35 жилийн өмнө 3 дугаартай улаан өнгийн будагч бодисыг гоо сайхны бараа, бүтээгдэхүүний орц найрлагад хэрэглэхийг хориглож байсан.
Энэхүү улаан өнгийн синтетик будагч бодисыг мөн АНУ-аас өмнө Австрали, Шинэ Зеланд, ЕХ-нд хэдийнээ хориглоод байсан юм.
Харин АНУ-д ийнхүү хүнсэнд хэрэглэхийг хориглосон явдал нь 2022 онд олон тооны иргэний нийгмийн байгууллагуудын хамтран гаргасан нэхэмжлэлийн үр дүн болоод байна.
Ийнхүү дээрх хоригийн дагуу хүнсний үйлдвэрлэгчдэд 2027 оны 1-р сар хүртэл өөрсдийн бараа, бүтээгдэхүүний орц найрлагыг өөрчлөх хугацаа өгч байгаа бол эмийн үйлдвэрүүдэд 2028 оны 1-р сар хүртэлх 3 жилийн хугацааг өгөөд байна. Түүнчлэн АНУ-д импортоор орж ирдэг хүнсний бараа, бүтээгдэхүүнд дээрх хориг үйлчилнэ гэдгийг мөн Хүнс, эмийн албанаас мэдэгджээ.