Израил, Хамасын хооронд гал зогсоох гэрээ байгуулагдлаа


Израил, Хамасын хооронд 15 сарын турш үргэлжилсэн дайныг өндөрлүүлэх гал зогсоох гэрээг талууд байгуулаад байгааг АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден батлан мэдэгдлээ. Энэ удаагийн гал зогсоох гэрээний зуучлагчаар АНУ болон Катар улсууд голлох үүргийг гүйцэтгэж ажилласан юм. Катарын ерөнхий сайд бөгөөд ГХЯ-ны сайд Мохаммед Аль-Тани 15-ны орой Катарын нийслэл Доха хотноо хийсэн мэдэгдэлдээ Израил болон Хамас бүлэглэл Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэж мэдэгджээ.

Уг гэрээнд талууд бүрмөсөн гал зогсоож, Израилын зэвсэгт хүчин Газын зурвасын бүсийг орхин гарч, Хамас бүлэглэл барьцааны хүмүүсийг бүгдийг нь суллахаар болсон байна. BBC агентлагийн мэдээлснээр одоогийн байдлаар Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа хүний тоо 94, тэднээс 34 хүнийг урьдчилсан байдлаар амиа алдсан гэж таамаглаж байгаа ажээ.

НҮБ-ын ЕНБД Антонио Гутерриш гал зогсоох гэрээ байгуулагдсаны дараагаар хийсэн мэдэгдэлдээ “энэхүү зөрчилдөөнөөс үүдсэн аймшигтай зовлон шаналлыг нимгэлж зөөллөх нь нэн чухал асуудал бөгөөд НҮБ палестинчуудад хүргэх хүмүүнлэгийн тусламжийн тоо хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байна” гэжээ.

Гал зогсоох гэрээ энэ сарын 19-ний өдрөөс буюу ням гарагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бол Израилын тал тэр хүртэл цохилтоо зогсоохгүй гэдэг нь 20 хүний аминд хүрсэн лхагва гарагийн Израилын агаарын цохилтоос харагдлаа.

АНУ-ын ерөнхийлөгч лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ гал зогсоох гэрээг “олон сарын хугацаанд үргэлжилсэн амаргүй дипломат үйл ажиллагааны” үр дүнд байгуулсныг онцолж, энэ нь түүний улс төрийн замналын хамгийн хүнд хэцүү зуучлалын яриа хэлэлцээ байсныг дурджээ.

Ж.Байдены мэдэгдсэнээр түүний төрийн тэргүүнээр ажиллах сүүлийн өдөр Израил, Хамасын хооронд бүрмөсөн гал зогсоох гэрээ хэрэгжиж эхлэх бөгөөд эхний шатанд Израилын зэвсэгт хүчинг Газын зурвасын бүхий л суурьшлын бүсээс гаргах, Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа бүх хүнийг суллах, Израилд хоригдож байгаа палестины олон зуун хоригдлыг суллаж, дайны улмаас дүрвэсэн бүх палестинчууд гэр орондоо буцах боломжтой болно, энэ үе шатны бусад нарийн асуудлуудыг яриа хэлэлцээний зарчмаар шийднэ, яриа хэлэлцээ заагдсан 6 долоо хоногоос хэтэрсэн  гал зогсоох гэрээ хүчинтэй хэвээрээ үйлчилсээр байх болно гэжээ.

Харин хоёрдугаар үе шатанд хоёр талд хоригдож үлдсэн бүх барьцааны хүн болон олзны цэргүүдийг суллаж, мөн Израилын зэвсэгт хүчин бүрмөсөн Газын зурвасыг орхин гарах бөгөөд энэ үе шатанд түр гал зогсоох тохиролцоо байнгын болно гэдгийг Ж.Байден мэдэгдсэн.

Ингээд гуравдугаар буюу эцсийн үе шатанд амиа алдсан барьцааны хүмүүсийн шарилыг ар гэрт нь буцаан өгч, Газын зурвасыг сэргээн босгох томоохон төлөвлөгөөг эхлүүлнэ гэдгийг Ж.Байден онцолсон байна.

Хэдийгээр Ж.Байден дээрх мэдэгдлийг удахгүй тангараг өргөх Д.Трампын засаг захиргаатай “нэг баг” гэдэг утгаар хийсэн ч мөн гал зогсоох гэрээг байгуулахад гүйцэтгэсэн хувийн болон түүний засаг захиргааны үүргийг тодотгосон байна. Тэрээр хэлэхдээ энэхүү гэрээ нь түүний анх 2024 оны 5-р сард танилцуулж байсан төлөвлөгөөнд үндэслэгдсэн гэдгийг онцолжээ. Ж.Байденыг мэдэгдлээ дуусгасны дараагаар сэтгүүлчид “түүнээс гал зогсоох гэрээг таныг байгуулсан гэж үзэх үү, Трампыг уу?” хэмээн асуухад тэрээр эргэж хараад “тоглож байгаа байлгүй дээ” гэж хэлчихээд цаашаа явсан байна.

Харин энэ үеэр Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээний “Truth Social” платформд түүний ачаар л энэ гэрээ байгуулагдсан тухай бичсэн байна. “Өнгөрсөн 11-р сард явагдсан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд би ялалт байгуулсан учраас л энэхүү гал зогсоох гэрээг байгуулах боломжтой болсон, миний засаг захиргаа энхийг эрхэмлэгч, нийт америкчууд болон манай холбоотнуудын аюулгүй байдлын төлөө баттай яриа хэлэлцээ хийж чадна гэдгийг энэ удаагийн гэрээ бүх дэлхий ертөнцөд харууллаа” хэмээн Д.Трамп бичжээ.

Хэдийгээр ирж, буцаж байгаа хоёр ерөнхийлөгчийн засаг захиргаа ийнхүү хоорондоо өрсөлдөн шинжтэй мэдэгдлүүдийг хийсэн ч бодит байдал дээр гал зогсоох гэрээний яриа хэлэлцээнд ойр хамтран ажилласан бөгөөд Катарын нийслэл Доха хотноо явагдсан гэрээг эцэслэх, шийдвэрлэх яриа хэлэлцээнд Ж.Байдены дипломат төлөөлөгч Бретт МакГурк, Д.Трампын тусгай элч Стив Уиткофф нар хоёулаа байлцсан юм. 

Лхагва гарагийн үдэш Израилын ерөнхий сайдын албаны зүгээс Б.Нэтаньяху-г гал зогсоох гэрээний асуудлаар Ж.Байден, Д.Трамп нартай хоёулантай нь холбогдож ярилцсан гэдгийг мэдээлжээ.

Гал зогсоох гэрээг сөргөлдөгч талууд зөвшөөрсөн гэж байгаа зуучлагч АНУ болон Катар улсын зүгээс мэдэгдээд байгаа ч Израил болон Хамасын зүгээс албан ёсоор зарлан мэдэгдээгүй хэвээрээ байна. Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху-гийн хэлснээр зарим нэг шийдэгдээгүй зүйл, заалтууд байгаа, пүрэв гараг гэхэд эцэслэн шийдэгдэнэ гэжээ. Улмаар Израилын засгийн газар гэрээг батлах ёстой юм.

Эргэн сануулахад 2023 оны 10-р сарын 7-ны өдөр Хамас бүлэглэл Израилын хилийг давж, гэнэтийн дайралт хийн 1200 орчим хүнийг хөнөөж, 251 хүнийг барьцаанд авсны хариуд Израилын тал Газын зурваст томоохон хэмжээний цэрэг, дайны ажиллагааг эхлүүлж, өнгөрсөн хугацаанд 46 мянга гаруй палестинчууд амь үрэгдээд байгаа юм. Өнөөдөр Хамасын барьцаанд байгаа гэгдэх 94 хүнээс 60 нь л амьд байгаа бөгөөд тэднийг Израилд олон жил хоригдож байгаа 1000 орчим палестин хоригдлуудаар солилцохоор болоод байна.

Гэхдээ гал зогсоох гэрээнд хугацаа нь тодорхойгүй олон зүйл заалт байгааг ажиглагчид онцолж,  Израил болон Хамасын хооронд өмнө нь байгуулагдаж байсан олон гал зогсоох гэрээ, тохиролцоо зөрчигдөж байсан түүхтэйг дурдаж, ердөө ганцхан жижиг үйл явдал энэ удаагийн гэрээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг мөн тодотгоод байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *