Намжаад байсан Лос Анжелесийн түймэр ахин газар авч, дэгдэх эрсдэлтэй байна


Өнгөрсөн долоо хоногт асч эхэлснээсээ хойш 150 орчим шоо дөрвөлжин км газрыг шатааж, 100 гаруй тэрбум ам.долларын хохирол учруулаад байгаа Лос Анжелесийн бүсийн ой хээрийн гал түймэр долоо хоногийн төгсгөлд намжаад байсан бол лхагва гарагаас эхлэн дахин газар авч, дэгдэх эрсдэл үүсээд байна.

Цаг уурын урьдчилсан мэдээгээр лхагва гарагаас эхлэн Санта Ана салхины хурд нэмэгдэж, энэ долоо хоногийн турш хүчтэй салхилах төлөвтэй байгаагаас үүдэн Лос Анжелесийн бүсийг, тодруулбал хотын төвийн баруун хойд хэсгийн Симми Валлей, Таузенд Оаксыг “түймрийн онцгой аюултай бүс” хэмээн тодорхойлоод байна.

Зарим уулархаг хэсгээр салхины хурд 113 км/цаг буюу бараг хуй салхины хэмжээнд хүрч, намжаад байсан дөрвөн хэсгийн галыг ахин дэгдээж болзошгүй гэдгийг АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас анхаарууллаа. Калифорни мужийн өмнөд нутгаар сүүлийн 250 гаруй өдрийн хугацаанд огт хур тунадас, бороо ороогүй бөгөөд энэ нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гарсан байгалийн гамшиг гэдгийг “Climameter” судалгааны байгууллагын уур амьсгал судлаач эрдэмтэд онцлон дүгнээд байна.

Ялангуяа энэ удаагийн Лос Анжелесийн түймэр өмнөх ой хээрийн түймрүүдтэй харьцуулахад хэт халуун, хэт хуурай, салхи ихтэй нөхцлөөс үүдсэнийг судлан тогтоожээ. Лос Анжелесийн түймэрт одоогийн байдлаар 25 хүн амиа алдаад байгаагаас гадна 13 хүн ор сураггүй алга болоод байна. Ихэнх хохирогчид Ийтон тойргийн түймэрт амиа алдсан байна. Өнөөдрийн байдлаар олон арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаал үйлчилсэн хэвээрээ байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс мөн шөнийн цагаар хөл хорио тогтоогоод байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *