Юн Сок Ёлыг өнөөдөр үргэлжлэн байцааж шалгана


Өмнөд Солонгсоын Ёнхап агентлагийн мэдээлснээр БНСУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн албаны зүгээс орон нутгийн цагаар 14:00 цагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг үргэлжлэн шалгаж, түүнээс байцаалт авах болно гэжээ.

Өнөөдөр өглөө эхлүүлэх ёстой байсан байцаалтыг Юн Сок Ёлын талаас эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргаж, хүсэлтийг нь хүлээн авч, 16-ны өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан байжээ.

Гэвч Юн Сок Ёлын өмгөөлөгч Юн Гап Гуны хэлснээр түүнийг үргэлжлээд ямар ч байцаалтанд оролцохгүй гэсэн байна. “Ерөнхийлөгчийн биеийн байдал таагүй байгаа бөгөөд нөхцөл байдлаа өчигдөр ойлгомжтой тайлбарласан учраас одоо түүнээс дахин байцаалт аваад байх шаардлагагүй” хэмээн өмгөөлөгч нь Ёнхап агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

БНСУ-ын “Мөрдөн шалгах нэгдсэн баг” 15-ны өдөр Юн Сок Ёлыг баривчлах тушаалыг гүйцэтгэж, мөн өдөр Гвачон хот дах БНСУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн албаны түр саатуулах байранд түүнээс 10 гаруй цаг байцаалт авсан байна. Тус албанаас мэдээлснээр 15-ны өдрийн мөрдөн байцаалтын явцад Юн Сок Ёл өөрийн мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ эдэлж, мөрдөн байцаалтын багийнхны тавьсан асуултад хариулаагүй гэжээ.

Түүнчлэн тус албанаас Юн Сок Ёлыг цагдан хорих шийдвэр гаргахаар 16-ны өдөр Сөүл хотын шүүхэд өргөдөл гаргаж магадгүй талаар орон нутгийн хэвлэлүүд бичиж байна. Хэрвээ нийслэл хотын шүүхээс Юн Сок Ёлыг цагдан хорих тогтоол гаргавал түүнийг хамгийн ихдээ 20 хоногоор хорьж шалгах болно.

Юн Сок Ёлын өмгөөлөгчид ч мөн түүнийг баривчлан саатуулах тушаал хуулинд хэр нийцэж байгааг шалгуулах хүсэлтийг тусдаа гаргаад байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *