Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху пүрэв гарагт явагдах ёстой байсан Газын зурваст гал зогсоох гэрээг батлах засгийн газрын санал хураалтыг бямба гараг хүртэл хойшлуулсан байна.
Тэрээр үүндээ Хамас бүлэглэлийг буруутгаж, батлахын өмнөх “эцсийн мөчид” гэрээний зүйл заалтад өөрчлөлт оруулахыг хүссэн гэжээ. Голлох зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн гэрээнд оруулах ёстой өөрчлөлт гарч ирсэн гэдгийг мэдэгдсэн ч гал зогсоох гэрээ төлөвлөсөн ёсоороо ням гарагаас хэрэгжиж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.
Израилын талын дипломатчид гал зогсоох гэрээг зөвшөөрсөн хэдий ч тус улсын засгийн газар болон аюулгүй байдлын кабинет батласны дараа л гэрээ хүчин төгөлдөр болох зохицуулалттай юм. Өөрөөр хэлбэл Хамас бүлэглэл гэрээний бүх зүйл заалтыг зөвшөөрөх хүртэл Израилын засгийн газар чуулах боломжгүй гэдгийг ерөнхий сайдын албанаас гаргасан мэдэгдэлд тодотгожээ. Израилын сайд нарын дийлэнх нь гал зогсоох гэрээг дэмжиж байгаа бол аюулгүй байдлын сайд Итамар Бен Гвир пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ хэрвээ Нэтаньяху-гийн засгийн газар гэрээг дэмжсэн тохиолдолд түүний нам засгийн газраас гарна хэмээн хэлсэн байна.
Израилын талын Хамас бүлэглэлийг буруутгасан үндэслэл одоогоор тодорхойгүй байгаа ч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гэрээнд заагдсан Палестины хоригдлуудыг суллах жагсаалтад Хамас бүлэглэл өөрсдийн гишүүдийн нэрийг нэмж оруулах өөрчлөлтийг гэрээнд хийхийг хүссэн байж магадгүй гэсэн таамаглал байгаа ажээ.
Харин гал зогсоох гэрээний яриа хэлэлцээнд оролцогч Хамас бүлэглэлийн төлөөлөгчдийн багийн дарга Халил аль-Хайяа зуучлагч Катар болон Египет улсуудад гал зогсоох гэрээний бүх зүйл заалтыг зөвшөөрсөн талаараа мэдэгдсэн талаар албаны эх сурвалж BBC агентлагт мэдээлсэн байна.
Энэ удаагий гал зогсоох гэрээ гурван үе шаттай үргэлжлэн явагдах бөгөөд эхний шатанд Израилын шоронд хоригдож байгаа Палестины хоригдлуудыг Хамасын барьцаанд байгаа 33 хүнээр (эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшчүүл) солилцож, Израилын тал цэргүүдээ Газын зурвасын суурьшмал бүсүүдээс холдуулан гаргаж эхлэхээс гадна дайны улмаас дүрвэн дайжсан палестинчуудад орон гэртээ эргэн ирэх боломж бүрдэж, өдөр бүр хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан машинуудыг чөлөөтэй нэвтрүүлж эхлэх юм.
Хоёр дах үе шатанд Хамасын тал үлдсэн барьцааны хүмүүсийг суллах бол Израилын тал цэргүүдээ Газын зурвасаас бүрмөсөн татан гаргаснаар гэрээний 16 дахь өдрөөс эхлэн Газын зурвас “тогтвортой, амгалан тайван байдал”-даа эргэж орох юм.
Гурав дах буюу сүүлчийн шатанд амиа алдсан барьцааны хүмүүсийн шарилыг Израилын талд буюу ар гэрт нь буцаан өгч, Газын зурвасыг сэргээн босгох томоохон төлөвлөгөөг эхлүүлэх ажээ.
Гэвч гал зогсоох гэрээ байгуулагдсаныг зарласан лхагва гарагт Израилын талын Газын зурваст үзүүлсэн агаарын цохилтын улмаас 12 хүн амь үрэгдсэн хэмээн Палестины Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн бол Израилын зэвсэнт хүчний зүгээс гаргасан мэдэгдэлд Газын зурвасын 50 байршилд агаарын цохилт үзүүлсэн гэжээ. Зуучлагч Катар улсын ерөнхий сайд Аль Тани 6 долоо хоногийн хугацаанд үргэлжлэх гал зогсоох гэрээний эхний үе шат эхлэхээс өмнө талуудыг “тайван” байхыг уриалаад байна.
Өнгөрсөн хугацаанд Газын зурваст 46700 гаруй хүн амиа алдаж, мөн Палестины нийт 2.3 сая хүн амын дийлэнх нь орон гэргүй болж, хот тосгод сүйдэж, хүнс, эм тариа, түлш шатахууны хомсдол үүсэж, хямралын хэмжээнд очоод байгаа билээ.