ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр дотоодын гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Өнөөдрийн байдлаар дотоодын гурилын үйлдвэрүүд нийт 210.000 орчим тонн буудай нөөцөлжээ. Мөн “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХК-ийн нөөцөд 70 мянган тонн хүнсний буудай байна. Иймд 2025 онд дотоодын үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна гэж Хөдөө аж ахуйн корпорацын захирал Б.Цогтсаран онцоллоо.
Уг уулзалтад “Улаанбаатар гурил”, “Өег,” “Милл хаус”, “Од групп”, “Хөвсгөл Алтандуулга” зэрэг гурил үйлдвэрлэж буй 9 компанийн 7 нь оролцов. Гурилын үйлдвэрүүдийн хөндсөн гол асуудал нь гаалийн албан татвар, үнэ байлаа. Үйлдвэрүүдийн хүчин чадал 30-50 хувь багасан, сул зогсолт их болж, цалин тавихад хүндрэл учирч эхэлжээ. Сул зогсолт ихсэж, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болсон үндсэн шалтгаан нь борлуулалт буурсантай холбоотой гэж өнөөдрийн уулзалтад оролцсон гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөл онцолж байна.