Монголчуудын элэгнээс илэрсэн диметилсульфид гэж юу вэ?


2015.04.22 Энэ бол Дэлхийн I дайнд хорт хий ашигласан өдөр. Бельгийн Ипр хотод Германы цэргүүд анх хорт хий ашиглажээ. Тухайн үед 150 тонн хлорын хий цацсан нь хүний өөрийн бүх цэрэг, тэр хавийн иргэд, амьтдын амьсгалын замаар орж, маш удаан зовоож, тарчилж үхэхэд хүргэсэн байдаг. Үүгээр дайтагч улсуудын дунд химийн зэвсгийн өрсөлдөөн үүсэж, янз бүрийн хорт хий судалж, ашиглаж эхэлсэн түүхтэй. Тэр үед германчуудын ашиглахаар судалж байсан бодисын нэг нь диметилсульфид (C2H6S) юм. Энэ асар хортой бодис монгол хүний элгэнд байгааг олон улсын судлаачид илрүүлжээ.  

Диметилсульфид бол өнгөгүй, хөдөлгөөнтэй, шатамхай, дэгдэмхий, эвгүй, хурц үнэртэй химийн нэгдэл. Маш шатамхай. Шатаавал агаар, хүчилтөрөгчтэй холилдон, нүүрстөрөгчийн давхар исэл, хүхрийн давхар исэл, ус үүсгэнэ. Олон Улсын Хорт Хавдар Судлалын Агентлаг энэ бодисыг 2А ангиллын хорт хавдар үүсгэгч гэж бүртгэжээ. Энэ бодис нүүрс болон нүүрсээр хийсэн шахмал түлшинд байдаг. Нүүрсний уурхайгаас ялгардаг эвгүй үнэр бол диметильсульфидийнх юм байна. Маш бага хэмжээтэй байсан ч муухай үнэртэй. Уурхайгаас нүүрс ачих үед энэ бодис бага хэмжээгээр дэгддэг бол нүүрс шатаах үед агаарт их хэмжээгээр цацагддаг. Тухайн нүүрс, шахмал түлшинд байсан бүх диметилсульфид агаарт цацагддаг гэсэн үг. 

Энэ асар хортой бодис монгол хүний элгэнд байгааг олон улсын судлаачид илрүүлжээ

Энэ бодис далайн замагнаас ялгардаг. Далайн таагүй муухай үнэр энэ бодисоос үүсэлтэй. Тиймээс химичид үүнийг биологийн гаралтай хүхрийн нэгдэлд тооцдог юм байна. Далайгаас бага хэмжээгээр ялгарч байдаг учир хүний биед хортойгоор нөлөөлдөггүй. 1 шоо метр агаарт хамгийн дээд тал нь 50 мг диметилсульфид байж болохыг ДЭМБ-ын Олон Улсын Хорт Хавдар Судлалын Агентлаг зөвшөөрчээ. Хүний биед нэг дор их хэмжээний диметилсульфид орвол мэдээ алдуулах үйлчилгээтэй. Хүн маанаг болж, гар, хөлөө хөдөлгөж чадахгүй, өөрийгөө хянах чадваргүй болдог. Энэ бодис хөхтөн амьтны биеийн 1 кг тутамд 5.6 г байвал үхүүлнэ. Хүн ч гэсэн хөхтөн амьтан. Гэтэл монгол хүний биед хүйтний улиралд өдөр бүр хэр хэмжээний диметилсульфид орж байгааг хэн ч мэдэхгүй байна.

2015-2017 онд Испани улсын судлаач Лаура Торренс, Марк Пуйгвэхи нарын 10 гаруй судлаач хамтран, Монгол болон Баруун Европын орнуудын элэгний хавдартай 379 хүнээс сорьц авч, элэгний эсэд молекулын шинж чанарыг тодорхойлох судалгаа хийсэн байна. Энэ судалгаанд оролцсон 30 хүний олонх нь Монгол, БНСУ, АНУ гэх мэт өөр өөрийн улсаас элэгний сорьц явуулж, уг судалгаанд тусалжээ. Элэгний хавдартай монголчуудын сорьцыг тухайн үеийн Хавдар судлалын үндэсний төвийн Элэгний тасгийн эрхлэгч, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ХСҮТ-ийн эмч Э.Тайванбаатар, Ч.Энхболд нар авч илгээсэн юм байна.

Энэ бодис хөхтөн амьтны биеийн 1 кг тутамд 5.6 г байвал үхүүлнэ. Хүн ч гэсэн хөхтөн амьтан

Нүүрс шатахад үүсдэг диметильсульфид гэх бодисын нөлөөгөөр монгол хүний элэгний эс хувирч, хорт хавдар үүсгэж байгааг уг судалгаагаар илрүүлжээ. Уг судалгаанд олон орны өвчтөнүүдийн элгийг хамруулсан атал тэрхүү шинэ мутац зөвхөн Монгол Улсаас илгээсэн 179 сорьцоос илэрсэн байна. 2019 онд АНУ-ын Хавдрын нийгэмлэгийн судалгааны төвийн сэтгүүлд хэвлүүлсэн энэ судалгааг монголчууд одоо л мэдэв.

Үүнийг биднээс олон жилийн өмнө мэдсэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Диметилсульфид бол германчууд Дэлхийн I дайнд ашиглахаар судалж байсан бодис. Хүний эрүүл мэндийг байтугай ухаан санааг хүртэл муутгах нөлөөтэй. Энэ судалгааг хийсэн Лаура Торренс бол Испани улсын том судлаач. Дэлхий дээр элэгний судалгааг манлайлдаг судлаач” гэж хэллээ.

Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвд элгээ тайруулсан 219 хүний элэгнээс сорьц авч, 192-ыг нь уг судалгаанд ашиглажээ. 2015 оны 10-р сараас 2017 оны 10-р сарыг дуустал Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төвөөс зөвшөөрөл авсан байна. Элэгний хорт хавдраар Монгол Улс Дэлхийд тэргүүлдэг. Энэ судалгааг хийж байх үед хорт хавдраас шалтгаалсан нас баралтын 2-рт элэгний хорт хавдар орж байсан бол одоо 1-рт ордог болжээ. Өвчнийг аль болох эрт илрүүлдэг болж, эмчилгээ сайжраад байхад өвчлөх, нас барах хүн цөөрөхгүй байгаа нь бохир агаартай холбоотой байж болзошгүй юм. Болзошгүй ч гэж дээ. Тийм л юм байна. Дэлхий дээр ганцхан монголчуудын элэгнээс хорт хавдар үүсгэгч диметилсульфид гэх, нүүрс шатахад агаарт дэгддэг бодис илэрсэн нь үүний нотолгоо. Үүнээс өөр ямар нотолгоо хэрэгтэй гэж!  

Гепатитийн В, С, D вирус, архи, элэгний өөхний үрэвсэл зэрэг шалтгаанаар монголчуудын элэг өвчилдөг гэж одоо болтол эмч нар бидэнд ойлгуулж ирлээ. Гэтэл үүн дээр диметилсульфид гэх хэн ч, яаж ч сэргийлэх боломжгүй хорт бодис нэмэгдэв. Улаанбаатарын агаараар амьсгалахгүй гээд яах юм. УИХ, ЗГ-ын гишүүд, баян-ядуу, залуу-хөгшин, царайлаг-царай муутай, олны танил-жирийн иргэн гээд бүгд л энэ агаараар амьсгалж байгаа. Нүүрснээс татгалзаж, шахмал түлш хэрэглэдэг болсон гээд бид диметилсульфидээс зугтаж чадахгүй. Шахмал түлшийг мидлинг гэх нэртэй нунтаг нүүрсээр хийдэг. Адилхан л нүүрс. Хагас коксоор шахмал түлш хийнэ гээд байгаа. Тэр ч бас нүүрс. Нүүрс түлж байгаа цагт бүгдээрээ диметилсульфидийг элгэндээ хуримтлуулсаар, хорт хавдраар үхэцгээсээр байх нь тодорхой боллоо.

2015 онд энэ судалгааг хийх үед Монгол Улсын 100 мянган хүн тутмын 86 нь элэгний хавдар тусдаг байв. Үүнийг Хятад, Оростой харьцуулахад 4 дахин олон байлаа. Үүнийг Монголын хүн амын 10.6%-д В вирүс, 6.4%-д С вирүс тархсан байсан, бас архи их уудагтай нь холбоотой гэж судлаачид үзжээ. Үнэхээр элэгний хавдартай монголчуудын 90% нь В, С вирүсээр өвчилсөн, зарим хүнд энэ 2 вирүс хоёулаа байдаг. В вирүстэй хүмүүсийн 50-80% нь дельта вирүстэй.

Гепатит В вирүс газарзүйн болон угсаатны хувьд өвөрмөц тархалттай байдаг аж. D вирүс Монголд түгээмэл тархсан онцлогтой. Барууны орны өвчтөнүүдийн 27% нь С, 43% нь D вирүстэй байсан бол Монголын B вирүстэй бүх хүн D вирүстэй байв. Түүн дотор С, D  вирүстэй монгол хүн ч байжээ.

Энэ баримтыг олон улсын байгууллагууд Монгол Улсын эрүүл мэндийн томоохон аюул гэж хүлээн зөвшөөрсөн

Монгол болон Барууны орны өвчтөнүүдэд хамгийн их тохиолддог B вирүсийн дэд  генотипүүд нь D1 (77%) ба D3 (39%) байв. Европын өвчтөнүүдэд хамгийн их тархсан генотип нь D3 (71%) байсан бол АНУ-ын өвчтөнүүдэд С (60%) байв.

Хамгийн гол нь энэ судалгаагаар өмнө нь мэдээлэгдсэн мутацуудтай ямар ч төсгүй, шинэ мутац илрүүлж, SBS Mongolia гэж нэрлэжээ. Уг судалгаанд хамрагдсан монгол өвчтөнүүдийн 25%-иас нь уг мутац илэрсэн байв. “Энэ нь монголчууд хүрээлэн буй орчны хүчин зүйлээс болж өвчилдөг болохыг харуулж байна. Элэгний хорт хавдартай монголчууд диметилсульфидэд өртсөн байна. Энэ баримтыг олон улсын байгууллагууд Монгол Улсын эрүүл мэндийн томоохон аюул гэж хүлээн зөвшөөрсөн. Нүүрс шатахад үүсэх диметилсульфидэд удаан хугацаагаар өртөх нь Монгол Улсад элэгний хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл болж болзошгүй гэж бид таамаглаж байна” хэмээн уг судалгааны тайланд онцолжээ.  


One response to “Монголчуудын элэгнээс илэрсэн диметилсульфид гэж юу вэ?”

  1. хортой гээд яриад бичээд л байдаг. ямар ч арга хэмжээ авсангүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *