Агаарын бохирдол бууруулах довтолгоо
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, дүүргүүдийн ЗДТГ-ын 9000 гаруй ажилтныг өнгөрсөн амралтын өдрүүдээр (2025.01.18-19) дайчлан, гэр хорооллын 196 мянган айл, аж ахуйн нэгж, байгууллагын пийшин, зуух, утаа мэдрэгчийг шалган, галаа зөв түлж сургах довтолгоо өрнүүлэв. Гэр хорооллын айлууд галаа зөв түлж чадахгүй, угаар мэдрэгчээ хэрэглэхгүй, пийшин, зуух, яндангаа хөөлөхгүй байгаа юм байх. Өөрсдөө хөөлж чадахгүй нь 7011-9410 утсанд дуудлага өгч, үнэгүй хөөлүүлэх боломжтой гэнэ. Яндангаа өөрөө хөөлөх гээд, хөөтэй хутгалдаж байхаар үнэгүй хөөлөгчөөр 5 минутад соруулах боломжийг хэн ч ашиглана. Ингээд яндан хөөлөгчид дуудлагад дарагджээ. Арга ядсан юм л даа. Одоо яая гэх вэ.
Улаанбаатарт нүүрс түлэхийг хориглосон намраас эхлэн “Тавантолгой түлш”-ийн ажилчид айлуудын янданг хөөлж, пийшинг засаж өгсөн. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд яндангаа хөөлж, пийшингээ шавардаж сурсан л баймаар. Гэвч ажлыг нь өмнөөс нь хийж өгөх тусам гэр хорооллынхон ангайж хэвтсэн болж таарав. Арай ч дээ.

Баяжуулсан нүүрс гэж юу вэ
Физикч, доктор Н.Тэгшбаярын хэлснээр хятадуудын хил рүүгээ оруулаагүй мидлингийг манайх нийслэлдээ авчраад шатааж байгаа. Мидлингээр шахмал түлш хийсэн улс Дэлхийд Монголоос өөр байхгүй. Монгол хүн дээр хийсэн мидлингийн туршилт нэгэнт амжилтгүй болсон тул “Эрдэнэс Тавантолгой” компанийн эрчим хүчний нүүрсээр шахмал түлш хийж, Улаанбаатар хотын айлуудад нийлүүлэхээр 2025.01.14-ний Засгийн газрын хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо шийдвэрлүүлжээ. Одоо “Тавантолгой түлш”-ийн шахмал түлш хийж буй мидлингийг ийн солихоор боллоо. Тавантолгойн нүүрсийг угааж, нунтаг хэсэг, хогийг нь ялгаж аваад, бүхэл нүүрсийг нь Хятад руу гаргадаг. Нунтаг хогийг нь мидлинг гэж нэрлээд, манай улс шахмал түлш хийгээд байгаа юм. Нүүрснийхээ хогийг ингэж баялаг болгох гэж үзсэн ч бүтэлгүйтлээ.
Харин одоо баяжуулсан нүүрсээр шахмал түлш хийх юм. Ерөнхийдөө нүүрсний чулуу, шавар гэх мэт хогийг цэвэрлэхийг баяжуулах гэдэг. Нүүрсийг баяжуулахад, хий, химийн бүтээгдэхүүн ялгарч, хоггүй, хольцгүй цэвэр кокс үлдэнэ. Ийм нүүрс илчлэг сайтай, үнс багатай болдог. Үнс бага болох тусам илчлэг сайжирна. Нүүрсний үнсийг 1% багасгахад, 1 кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх өртөг 1.1%-иар, дутуу шаталт 1.5-2%-иар багасдаг юм байна. Нүүрсийг брикетлэх, коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх зэргээр боловсруулахын тулд заавал баяжуулна. Хуурай, нойтон, гравитацын, флотацын, суспензын, дулааны гэх мэт янз бүрийн арга бий. Нүүрсний үнсийг багасгахын тулд гравитацын аргаар баяжуулдаг. Энэ бол ус ашигладаг, нүүрсийг нойтноор боловсруулах үндсэн технологи. 10 сая тонн коксжих нүүрс угаахад 5.4 сая тонн баяжуулсан нүүрс, 3 сая тонн завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг гардаг аж.

Эрчим хүчний нүүрсний галд бууз жигнэнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр гүний усаар нүүрсээ угаадаг. Жилд 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авч, олон улсын стандартын шаардлагад нийцсэн коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс гэсэн 2 төрлийн баяжмал үйлдвэрлэж байна.
Уг эрчим хүчний нүүрсийг “Тавантолгой түлш” компани вагоноор авчирч шигшээд, шигшүүр дээр үлдсэнийг нь шууд савлан, 3 дугаар сарын 1-нээс гэр хорооллынхонд нийлүүлнэ. Шигшүүрээс унасныг нь барьцалдуулагчтой хольж, шахмал түлш болгохоор төлөвлөөд байна. Юутай ч монголчууд Цагаан сараараа угаасан, эрчим хүчний нүүрсний галд буузаа жигнэх нь. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний баяжуулсан нүүрс түлвэл агаарын бохирдол 9-12%-иар буурна гэсэн судалгааг судлаачид Засгийн газарт танилцуулжээ. Энэ нь хангалтгүй.

Болтугай л гэе дээ!
Тиймээс Засгийн газар хагас коксын үйлдвэр байгуулахаар энэ оны эхээр шийдвэрлэсэн. Учир нь хагас коксон түлш түлвэл агаарын бохирдол 25-28%-иар багасах юм гэнэ. Гэвч одоогоор хөх түлш гэж нэрлээд буй хагас кокс үйлдвэрлэж байгаа үйлдвэр манайд байхгүй. Тиймээс хагас коксын үйлдвэртэй болтлоо “Эрдэнэс Тавантолгойн”-н угаасан нүүрсийг шигших шаардлагатай боллоо. Нүүрсийг 800 хэм халуунд жигнэж, хүхэр, давирхай зэрэг химийн хүнд элементүүдийг нь салгаад, хагас кокс гэж нэрлэдэг. Ийм үйлдвэр байгуулахад 2 жил шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамны захиалгаар Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн 2021 онд “Бүс нутгийн томоохон нүүрсний уурхайнуудыг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил”-д зөвлөх үйлчилгээ үзүүлжээ. Уг ажлын хүрээнд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн нүүрс, химийн технологийн мэргэжилтнүүдтэй хамтран, зарим уурхайн нүүрс болон шахмал түлшийг нэг л зууханд түлж, ялгаруулж буй утаан доторх бохирдлыг нь хэмжсэн байна. Ингэхдээ “Ахуйн хэрэглээний зуух”. Техникийн ерөнхий шаардлага MNS 5216:2016 стандартыг баримталжээ.
Түлш | Азотын исэл мг/м3 | Хүхэрлэг хий мг/м3 | Нүүрстөрөгчийн дутуу исэл мг/м3 | Тоос мг/м3 |
“Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлш | 388 | 1070 | 6317 | 115 |
Багануурын нүүрс | 180 | 801 | 5164 | 232 |
Багануурын нүүрсээр хийсэн барьцалдуулагчгүй шахмал түлш | 129 | 230 | 344 | 133 |
Багануурын нүүрсээр хийсэн хагас кокс барьцалдуулагчтай шахмал түлш | 157 | 565 | 11345 | 144 |
Үүнээс харвал “Тавантолгой түлш”-ийн шахмал түлшнээс ялгарах азотын исэл, хүхэрлэг хий бусдаасаа их, тоос нь бага байна. Багануурын нүүрсээр хийсэн барьцалдуулагчгүй шахмал түлшний ялгаруулах хор нь хамаагүй бага ажээ. Нүүрсийг зуухны шүүрэн завсраар унахааргүй хэмжээтэй, нунтаг багатай түлш болговол агаарын бохирдол 50% буурах боломжтойг уг туршилтаар тогтоожээ.
Ямартай ч Багануурын нүүрсийг хагас кокс болгох юм уу шахмал түлш хийвэл агаарт ялгаруулах хор нь мидлингээр хийсэн шахмал түлш болон түүхий нүүрсний хороос хамаагүй бага байх нь. Болтугай л гэе дээ!