Г.Шийрэв: Машины тоо 41.5%-иар нэмэгдэж, хурд нь саарснаар агаар маш их бохирдуулж байна


Шахмал түлшний түүхий эдийн чанарын талаар Хими, химийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Г.Шийрэв өнөөдөр УИХ-аас зохион байгуулж буй агаарын бохирдлын хэлэлцүүлэгт танилцууллаа. Г.Шийрэв:

-Аливаа түлш дутуу шатвал, түлшний горим алдагдвал угаарын хий, дэгдэмхий органик нэгдлүүд нэмж үүсдэг. Чийг, үнслэг, дэмхий бодис, хүхрийн агууламж нь түлшний чанар, агаарын чанарт шууд нөлөөлдөг. Үүнийг хэр багасгаж чадна, тэр хэрээр агаарын бохирдлыг багасгана.

Сайжруулсан шахмал түлш түлснээр түүхий нүүрсний хэрэглээг 60 хувь, нийт түлшний хэрэглээг 50 хувь багасгасан. Шахмал түлшний чийг, дэгдэмхий бодис багассан бол эсрэгээрээ үнс, хүхрийн хэмжээ нэмэгджээ. Нийт хэрэглэж буй түлшний хэмжээг авч үзвэл хүхрийн хэмжээг 3 хувь, үнсийг 19 хувиар багасгасан үр дүнтэй ажил болсон.

“Тавантолгой түлш” компани сайжруулсан шахмал түлшний техникийн горимоо жигд барьж байна. Тус компани манай лабораторид өнгөрсөн хугацаанд шахмал түлшний нийт 200 гаруй дээж шалгуулсан. Хяналтын байгууллагаас 200 гаруй дээж ирүүлсэн. НЭМГ хамгийн сүүлд 8 дээж шинжлүүлсэн.

Шахмал түлшний утааны шинжилгээг 2 лаборатори хийдэг. Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын лаборатори утаанд агуулагдах 3 хий, тоосонцрын хэмжээг тодорхойлж байна. Хамгийн сүүлд шинжилсэн шахмал түлшний 3 дээжний 1 нь стандартад байсан бол 2-ынх нь найрлаган дахь агаар бохирдуулагч бодис стандартаас давсан байсан.

Шахмал түлшийг шатаахад, эхний 40-60 минутад угаарын хий үүсэж байна. Технологийн горим алдагдаагүй байхад агаарын бохирдол яагаад нэмэгдээд байна вэ гэсэн асуулт гарч байна. Үүний шалтгаан:

  • 2019 онтой харьцуулахад, шахмал түлшний хэрэглээ 47 хувиар нэмэгдсэн.
  • Түүхий нүүрснээсээ бүрэн салаагүй байгаа. 174 аж ахуйн нэгж 151 мянган тонн түүхий нүүрс жилд хэрэглэж байна.
  • Улаанбаатар хотын машины тоо 41.5% нэмэгдсэн нь агаарын бохирдолд маш их нөлөөлж байна.
  • Түгжрэлээс шалтгаалан, машины дундаж хурд 19.2% буурсан. Энэ хэрээр угаар их ялгаруулж, тэр хэрээр агаарын бохирдлыг ихэсгэж байна.

2018 онд Улаанбаатар хотын агаарыг доорх эх үүсвэр үүсгэж байжээ. Үүнд:

  • 75%-ийг гэр хороолол,
  • 10%-ийг машин
  • 10%-ийг ДЦС
  • 5%-ийг хогны цэг, зам талбай

2024 онд Улаанбаатар хотын агаарыг доорх эх үүсвэр үүсгэж байна. Үүнд:

  • 56%-ийг гэр хороолол,
  • 29%-ийг машин
  • 10%-ийг ДЦС
  • 5%-ийг хогны цэг, зам талбай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *