“Улаанбаатар смарт карт” ХХК өнгөрсөн жилийн нийтийн тээврийн статистик мэдээллийг гаргалаа. 2024 онд Улаанбаатарын нийтийн тээврийн хэрэгслээр 142.7 сая зорчигч үйлчлүүлжээ. Энэ нь 2023 оныхоос 2.5 саяар өссөн үзүүлэлт юм. Гэвч төлбөр төлсөн зорчигч 2023 онтой харьцуулахад 3.9%-аар цөөрч, хөнгөлөлттэй буюу төлбөргүй зорчигч 11.6%-аар өсжээ.
Иргэд нийтийн тээврээр 4 дүгээр сард (13.76 сая зорчигч) хамгийн их үйлчлүүлсэн бол 7 дугаар сард (9.26 сая зорчигч) хамгийн бага зорчжээ. Харин Мягмар гарагт нийтийн тээвэр олон зорчигчтой байдаг юм байна.
Бүх зорчигчийг ангилбал:
- Төлбөртэй зорчсон том хүн 45.5%,
- Төлбөртэй зорчсон хүүхэд 14.2%,
- Ахмад настан 27.2%,
- Оюутан 7.4%,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 5.6%,
- Цусны донор 0.1%-ийг эзэлжээ.
Чиглэлээр нь ангилбал:
- М:1 (5 шар-Офицеруудын ордон) чиглэлд 19 сая,
- М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд 5.9 сая,
- Ч:40 (Алтантариа-Улаанхуаран) чиглэлд 4 сая зорчигч үйлчлүүлжээ.
М:1 чиглэлд 2023 онд 8 сая зорчигч суусан бол 2024 онд 2.38 дахин өссөн байна. Үүнд тухайн чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоо өссөн, троллейбусны чиглэлүүдийг нэгтгэсэн, бусад маршрутыг богино болгож, дамжин суудаг болгосон нь нөлөөлсөн байна.

Нийтийн тээвэрт хамгийн олон цагаар үйлчилсэн тээврийн хэрэгслүүд:
- “Эрдэм транс” ХХК-ийн 13-371 гараж дугаартай автобус 286.048 минут,
- “Блюбус” ХХК-ийн 04-046 гараж дугаартай автобус 276.265 минут,
- “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 02-174 дугаартай тээврийн хэрэгсэл 275.954 минут
2015 оноос хойш нийтийн тээврийн 660 чиглэл бий болгожээ. Үүнээс хамгийн урт нь Х:4 (Офицеруудын ордон-Шилжрээ) чиглэл бөгөөд 1 рейс нь 142.4 км. Тухайн чиглэл нь том хүн 2300 төгрөг, хүүхэд 1200 төгрөгийн тарифтай байв. Харин хамгийн богино чиглэлийн нийт урт нь 6.1 км. Энэ нь Ч:78 (Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай) чиглэл юм.
Хамгийн олон зогсоолтой чиглэлүүд:
- Ч:22 (Шадивлан-Чингис СООСЭ) 83 зогсоолтой,
- Ч:29А (Сэлбэ амралт-Өргөө амаржих газар) 71 зогсоолтой,
- Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав) 71 зогсоолтой, Ч:73 (ТЭЦ4-Зунжин худалдааны төв) 71 зогсоолтой
Иргэдийн нийтийн тээврээр хамгийн их зорчдог цаг нь 7-8, 16-17 цаг. Нийт зорчигчийн 30% нь энэ цагт зорчиж байна.

Амралтын өдөр зорчигч 39%-аар цөөрдөг.
2024 оны турш иргэд нийт 9.18 сая удаа “Umoney” картаа цэнэглэв. Үүний 40.6%-ийг гар утасны аппликэйшнээр /Hipay, Tapatrip, Toki, SocialPay, SocialPay Junior/ цэнэглэжээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн онтой харьцуулахад 13.6%-аар өслөө. Харин 59.4% нь автобусны зогсоолын ойролцоох ТҮЦ, 6.8 хувь нь нэрийн дэлгүүр, “Номин”, “Имарт”, GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрээр цэнэглэжээ. Оны эцсийн байдлаар “Umoney” карт цэнэглэх 1783 гэрээт цэг байв.