УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Францын “Орона Майнинг” компанитай хийх ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлэл өгсөн. Угтаа энэхүү хурал хаалттай явагдаж, холбогдох мэдээллийг сонссон. Энэ үеэр АН-ын бүлгийн гишүүд төсөлтэй холбоотой асуулт асууж, хариулт авах үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өмнө уг төсөлтэй холбоотой авлигын асуудлыг хөндөж ярьсан байна. Тэрээр “Би энэ асуудлыг ажил хариуцаж авсан хүний хувьд явуулах нь зөв л гэж үзсэн. Ямартаа ч корпорэйтив гэрээ хийж чадсан гэж ойлгож байгаа. Н.Алтанхуяг гишүүн ээ, та өмнө энэхүү гэрээг явуулъя гэж манлайлж ажиллаж байсан юм билээ. Байгаль орчны чиглэлээр 110 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ч байсан байна. Таны энэ үйлдэл дээгүүрээ бол манлайлал гаргаад явж байгаа мэт ойлгогдоно. Харин таны доор ажиллаж байсан хоёр хүнээс болж Францын шүүх шийдвэр гаргасан шүү.
Тодорхой хэлбэл, О.Эрдэнэбулган, Д.Үүрийнтуяа хэмээх төрийн өндөр албан тушаалтнууд лиценз авахдаа авлига авсан гэдэг нууц биш л дээ. Ийм шийдвэрийг Францын шүүх гаргасан. Энэ талаар би АТГ, прокурор гээд бүгдэн рүү бичиг явуулсан. Надад мэдээллүүд ирсэн” гэв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учралын энэхүү тайлбарт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Би бүх зүйлийг цаасан дээрх баримттай ярьдаг хүн. Манай Засгийн газрын үед О.Эрдэнэбулган гэдэг дэд сайд байсан. Тэр яриад байгаа Д.Үүрийнтуяа гэдэг хүүхэн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан нь үнэн. Та нар залуу хүмүүс байна. Аливаа асуудлыг сайн ойлгож бай. Н.Алтанхуяг яагаад огцорсон юм. Оюу толгой, Таван толгой, Эрдэнэтийн асуудлаар байгалийн баялгийг ингэж ашигллаж болохгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байсан. Үүнээс болоод огцруулсан. Намайг огцруулсны дараа буюу энэ Ураны төслийн талаарх асуудлыг би бүр хожуу мэдсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдэж олгодог байсан лицензийг Ашигт малтмалын газар олгодог болгон хувиргаж байгаад өгсөн юм билээ. Түүнээс биш миний доор байгаа хүн намайг байхад ийм үйлдэл хийсэн гэвэл ёстой эндүүрэл шүү. Та нар оныг нь хараарай. 2015 он гэж байгаа. Тэгэхээр намайг огцорсны дараа хийгдсэн зүйл байна лээ.
Э.Мөнх