Өчигдөр Төрийн ордонд агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Энэ үеэр агаар бохирдуулагч эх үүсвэр болох автомашинуудад хяналт, шалгалтын ажил хийсэн тухай танилцуулсан байна. Тодруулбал 2024 оны тээврийн хэрэгсэлтэй холбогдолтой нийт 23,432 зөрчил илрүүлжээ. Үүнд, нүүрсэн яндангүй 1453, оношилгоонд оруулаагүй 11,813, татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр төлөөгүй 1799, гурав буюу түүнээс дээш торгуультай 11,052 ширхэг тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж 220 сая төгрөгийн торгуулийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нүүрсэн яндангүй 297 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлээд байгааг дурдав.
Тэгвэл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Сүүлийн жилүүдэд нүүрсэн янданг өмнөд хөршрүү экспортлох үзэгдэл ихэссэн тул гаалийн хилээр гарах хориглосон барааны жагсаалтад оруулсан. Цаашлаад Авто тээврийн үндэсний төвтэй хамтран Улаанбаатар хотод автомашины нүүрсэн яндангуудад төмөр тэмдэглэгээ тавьж, бусдад дамжуулахгүй байхаар үзлэг оношилгоог зохион байгуулна” хэмээв.
