“Odds” сөрж, амьдралаа сүйрүүлэхээ хэзээ болих вэ


Спорт мөрийтэй тоглоом тоглон, “800 сая төгрөгөө алдсан”, “2 тэрбум төгрөгөө алдсан”, “Байр, машинаа барьцаанд тавьсан”, “Гэр бүлээсээ салсан” гэх зэргээр хохирч байгаа залуус олшрох болов. Эхэндээ амар хялбар аргаар ёндоогоо үзэж, мөнгө олж байгаа ч эцэстээ эдийн засаг, эрүүл мэнд, хамгийн гол нь үнэт эрдэнэ аав ээж, эхнэр хүүхдээсээ холдож байгааг мөрий тавьдаг ихэнх хүн хэлж байна.

Жишээ нь: Иргэн “Л” спорт их сонирхдог. Хөл бөмбөг, сагсан бөмбөг үзэх дуртай. Ажлынхаа хажуугаар хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тоглолт үзэнгээ “Бет” гэх мөрийтэй тоглоомоор ёндоогоо үзээд, 3 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд тэрээр ашиг гэхээс илүү алдсан. Бусад шиг 100.000, 500.000, 1 сая төгрөг гэж ихээр тавьдаггүй ч 10, 20, 30 мянга гэж тавьсаар 10 гаруй сая төгрөг багадаа алджээ. Түүний олсон хамгийн их мөнгө нь 2.5 сая төгрөг. Маш олон тоглолт холбож, ийм мөнгө хожжээ. Үүнээс хойш дорвитой мөнгө хожоогүй, ихэвчлэн авахаас илүү алдсан. Харин одоо тэр болихоор шийджээ. “Хэрвээ эхнэр, хүүхэдтэй байсан бол үүнээс илүү хор уршиг гарах байсан биз” гэж тэр ярив.

Өөр нэгэн залуу “1xbet бол жинхэнэ ёндоотой, цөөхөн хүн л ашиг олдог талбар. “Батаарны” гэсэн тоглолт хүртэл алдаж байдаг. Би найдвартай гэсэн тоглолт дээр 1 сая төгрөг тавьж алдаад, шооконд орсон. Хожсон бол 1.6 сая болгож авах байлаа. Ийм байдлаар олон удаа алдсан. Одоо алдсанаа яаж нөхөж олох вэ гээд толгойгоо гашилгаж байна” хэмээв.

Бид эх сурвалжийн нүүр царай, дүрсийг нууцалж, энэхүү нийтлэлийг бичив. Яг ийм байдлаар амьдралаа алдаж байгаа залуучууд олон болжээ.

Тэд юунд найдаж, хураасан мөнгөө спорт мөрийтэй тоглоомд зориулж байна. Ердөө л азанд итгэдэг. Мөрий тавьсан баг нь хожчих юм бол миний мөнгө 2, 3 дахин өснө гэсэн харанхуй бодлоор бооцоо тавьдаг. Түүнээс “Алдвал яах билээ” гэсэн эрсдэлийг төдийлөн ойшоодоггүй аж.

Тэгвэл аливаа спортын хожил, хожигдол ганцхан моментоос шалтгаалдаг гэдгийг спорт сонирхдог хүн бүр мэднэ. Ялангуяа өдрөөс өдөрт эрчимтэй хөгжиж байгаа волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тоглолтын үр дүн үндсэн цаг дуусаагүй л бол яаж ч эргэдэг болсон. Хожигдож явсан баг эцсийн мөчид хожиж, хожиж явсан баг сүүлийн мөчид хожигддог.

Хамгийн сүүлийн жишээг дурдъя. Энэ сарын 22-ны шилжих шөнө Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд болсон. Энэ тоглолтын Испанийн “Барселона” болон Португалийн “Бенфика” багуудын тоглолт үүний тод жишээ байлаа. Тоглолтын өмнө Испанийн багийн хожих магадлал өндөр буюу 1xbet-ийн бооцоо 2.3 байв. Харин Португалийн багийн хожих магадлал бага буюу бооцооны хувь 3.1 байв.

Ингээд тоглолт эхэлж, эхний үе 3:1-ын харьцаатай Бенфикагийн давамгайллаар өндөрлөв. Үүнийг таасан хүн бараг байхгүй. Зарим хүн тоглолтын хувь тавилантай эвлэрчихсэн байв. Эхний үед “Бенфика” багийн хожих магадлал улам буурч, “Барса”-гийн хожигдох магадлал өсөж байлаа. Тэгвэл хоёрдугаар хагаст гоолууд орж, 86 дахь минутад тоглолтын тооны харьцаа 4:4 болж тэнцсэн. Энэ үед хоёр багийн хожих магадлал улам өсөж, 1xbet-ийн бооцооны хожих магадлал “Бенфика” 20 -“Барса” 12-д хүрсэн байв. Харин тэнцэх магадлал өндөр буюу “1xbet”-ийн бооцооны магадлал 0 хувь болов. Улмаар 90+4 минут сунгахад “Тоглолт тэнцлээ” гэж хүмүүс бодсон. Гэтэл сүүлийн минутад сүүлийн довтолгоогоор “Барселона” клубийн тоглогч Рафинья гоол хийж, 5:4-өөр ялалт байгуулсан. Энэ үед мөрий тавьсан хүмүүсийн таамаг тэр чигээрээ нурсан. Мөрий тавьсан хүмүүсийн хувь заяа ийм байдлаар тоглолтын төгсгөлд шийдэгддэг.

Цаасан дээр хоёр багийн бүрэлдэхүүний чансаа хожил, хожигдлын зөрүүг таамаглаад гаргаад ирэх боловч бодит байдал дээр тоглолт хаашаа ч эргэж болдог. Хамгийн энгийнээр тайлбарлавал, талбайд гарч буй тоглогчийн сэтгэл санаа ямар байгааг мөрий тавьдаг хүмүүс, мөн таавар, таамаг өгдөг хүмүүс хэлж мэдэхгүй. Үүнд л гол учир бий. Тухайн тамирчинд уйтгар гуниг, баяр хөөр аль аль нь тохиолдож болно. Үүнээс болоод тоглолт нь яаж эргэхийг таашгүй.

Үүнийг бусад хүмүүс мэдэхгүйгээс өөрийн итгэл үнэмшил, сэтгэл хөдлөлдөө автаж, мөнгөө алддаг. Алдсаны дараа алдсанаа нөхөх гэж улайрч байгаа хүмүүс амьдралаа сүйрүүлж байна. Сүүлдээ эхнэр, нөхөр хоёр хамтдаа бооцоо тавьдаг болсон жишээ ч дуулдаж байна. Энэ бол ямар ч зохицуулалтгүй, дүрэм журамгүй, хар тамхинаас ч аюултай улаан дохио юм.

Монгол Улсад энэ төрлийн спорт мөрийтэй тоглоомыг зөвшөөрдөггүй. Англи улс үүнийг хууль бус үйл ажиллагаа гээд хориглосон тухай УИХ-ын гишүүн О.Номинчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай. Одоогоор Монголд 190 гаруй агент хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулдаг. Эдгээр агентаар дамжиж, сард багадаа 20 тэрбум төгрөг гадагшаа гардаг гэх тооцоо бий. Энэ мөнгө мэдээж “1xbet” дээр хожно гэж байр, машинаа барьцаанд тавьж алдсан монголчуудынх.

Их алдсан хүмүүст их “оддс” л хамгийн таатай сонголт. Хожвол аз. Алт олсон мэт л баярлана. Харин алдвал харамсаад ч барахгүй. Яагаад их “оддс” дээр ихэвчлэн бооцоо тавьдаг вэ гэхээр хожигдох магадлал өндөр ч гэлээ юмыг яаж мэдэх вэ, бооцоо тавихгүй өнгөрөөж, дараа нь харамсаж байснаас сөрөөд тавьчихъя гэж бодогддог явдал юм байна. Өөрөөр хэлбэл алдахаа мэдсээр байж, хийсвэр бодолдоо итгэн, мөнгөө алдаж буй хүн олон болжээ. “Оддс” сөрж тавихгүй бол сэтгэл амардаггүй” гэх хүмүүс байна.

1xbet гэх спорт мөрийтэй тоглоомыг мэдэхгүй хүүхэд, залуус гэж байхгүй болжээ. Эргэн тойрны найз нөхөд бүгд л их, бага гэлтгүй мөрийтэй тоглоомд орсон байна. Шалтгаан нь ажил хийхгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл. Даанч олохоосоо илүүтэй алдсаар. Бас нэгэн жишээ дурдъя. 30 гаруй насны залуу гэр бүл байртай, машинтай, ажилтай, амьдрал нь жинхэнэ тогтсон хүмүүс. Гэтэл нөхөр нь ажлын хүмүүсээ даган дуурайж, бага багаар “1xbet”-ээр мөрий тавьсаар ёроолгүй хонгил руу унажээ. Эхнэрээсээ нууж, цалингаа дуусган, эд хөрөнгөө нууцаар барьцаанд тавьж, байраа хүртэл алдах хэмжээнд хүрсэн байна. Эхэндээ эхнэр нь ингэс гээд больчих байх гэж найдаж байсан ч түүний хүслээр болоогүй. Ингээд эмэгтэй хүний итгэл алдарч, аз жаргалтай байсан нэгэн гэр бүл салсан гунигтай жишээ бий. Тэдний салах шалтгаан ердөө л “1xbet” байв. Үүнийг хэзээ дүрэм журамтай болгож, хазаарлах вэ?

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *