“Монголоороо байя” морьтой жагсаал болно


“Монголоороо байя” морьтой жагсаал маргааш Сүхбаатарын талбайд болох ажээ. Энэхүү жагсаалыг зохион байгуулагч О.Гэрэлт-Одтой ярилцлаа.

-Морьтой жагсаалын бэлтгэл хэрхэн хангагдав. Хаанаас зохион байгуулж байгаа вэ. Жагсаалын зорилго, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Маргааш буюу энэ сарын 25-ны 11:00-17:00 цагийн хороонд Сүхбаатарын талбайд болох “Монголоороо байя” морьтой жагсаалд 300 гаруй уяач, малчин залуус оролцохоор нэгдээд байна. Өөрөөр хэлбэл, Монголынхоо бахархал, өв соёлыг дээдэлдэг залуучуудын нэгдэл гэж ойлгож болно.

Үндэсний өв соёл, уламжлал, ахуйгаа бид авч үлдэж, тээж, түгээн дэлгэрүүлэхгүй бол Монгол Улс орших уу, эс орших уу дээрээ тулаад байна. Учир нь гадаадын эрх ашгийн захиалгаар тэдний гар хөл бологсод ард иргэдийн тархийг угааж, Монгол гэдэг дархлааг устгахыг санаархдаг боллоо. Үүний тод жишээ бол “No Naadam” хөдөлгөөнийхөн Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмыг хүртэл устгахыг оролдсон шүү дээ. Тэгвэл бидний өв соёл, хэл, ахуй, зан заншил оршин байгаа цагт Монгол гэдэг дархлаа хүчтэй байж чадна. Цаашлаад Монгол Улс бат бөх оршин тогтнох юм. Харин үндэсний өв соёл, бахархлыг маань бага, багаар байхгүй болговол Монгол Улс устаж мөхөх амархан. Гадны янз бүрийн бүлэглэлүүд энэ зорилгоо биелүүлэхийн тулд эхний ээлжинд үндэсний бахархал, өв соёл руу маань халдаад байгаа юм. Дараагийн ээлжинд монголчуудыг монголчуудынх нь хүсэлтээр гадны муж юм уу, колони улс болгож эрхшээлдээ оруулах зам руу аажим аажмаар түлхэж байгаа юм. Харамсалтай нь өнөөдрийн таван цаасанд нь болоод ард иргэдийн тархийг угаагаад байгаа нөхдүүд улс орноо юу руу түлхэж байгаагаа огтхон ч ойлгохгүй байна. Тэд зөвхөн өнөөдрийн хоолныхоо төлөө эх орноосоо урваж байгаа өчүүхэн бодолтнууд. Монгол гэдэг улсыг бахархлаар нь дамжуулж үгүй хийх гээд байгаа энэ үйлдлийн эсрэг бид нэгдэж нийлж, тэмцэх ёстой.

-Дүнжингарав өвлийн морин уралдааныг яагаад сэргээе гэж байгаа юм бэ?

-Дүнжингарав өвлийн морин уралдааныг монголчууд эрт дээр үеэс явуулж ирсэн уламжлалтай. Өвлийг өнтэй давлаа, сайхан жил эхэлж байна гээд хаврын тэргүүн сарын шинийн 1-нд цагаан сарын баяраа хийдэг шүү дээ. Үүнийхээ араас хурдан морио уралдуулж, ард түмэн нь баясан цэнгэдэг байлаа. Дүнжингарав уралдаан бол морины чанарыг сайжруулахаас гадна том зургаараа ирээдүйн Монгол Улсыг авч явах хүүхдүүдээ хүртэл өлчир чийрэг болгож, алсуураа монгол хүн байх дархлааг нь бэлддэг байсан. Гэтэл энэ том өв соёлыг үгүй хийх зорилгоор элдэв жагсаал цуглаан тэмцэл, нийгмийн тархи угаалт явагдсаны гайгаар Дүнжингарав уралдааныг хориглох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хүүхдээр морь унаж уралдуулж болохгүй гэсэн шийдвэр гарсан. Сүүлийн хэдэн жил монголчууд Дүнжингарав наадмаа хийж чадаагүйгээс болж улсаараа хохирч байна.

-Дүнжингарав уралдааныг зохион байгуулахгүйгээс болж Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар хохирол учрав?

-Яг үнэндээ мөн чанартай монгол эр хүн байхгүй болж байна. Өвлийн морин уралдааныг үгүй хийснээр малчид, уяачдын маань хөдөлмөр үрэгдээд байна. Тэд намаржин өвөлжин адуу маландаа ажил хийдэг. Өвлийн уралдаанд сойж хүч хөдөлмөрөө зориулж байна. Гэтэл зундаа ганцхан улсын баяр наадмаар л уралддаг боллоо. Үүний цаана маш олон хүний хүч хөдөлмөр байгаа. Уяачдаас гадна туслах малчид, унаач хүүхдүүдийн хөлс хүч шингэсэн байдаг. Эдийн засгийн хувьд өвс тэжээл, хурдан морины тамир тэнхээ оруулдаг бэлдмэлийн бизнес эрхэлдэг хүмүүсийн орлого буурч байна. Ингээд харахаар давхар, давхар эдийн засагт хохиролтой байгаа биз дээ.

-Та бүхэн Төрийн гурван өндөрлөгт ямар шаардлага хүргүүлж байгаа вэ?

-Монгол Улс монголоороо байхын тулд нэн түрүүнд өв соёл, бахархал, дархлаагаа авч үлдэх ёстой. Энэ үүднээс морьтой жагсагчид нэгдүгээрт, Дүнжангарав өвлийн уралдааныг сэргээе, хоёрдугаарт, өв соёл бахархал, дархлаагаа хамгаалж үлдье гэдэг үндсэн шаардлагыг тавьж байгаа. Энэ хүрээнд Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ. Ерөнхийлөгчийг үндэсний өв соёл, бахархлаа авч үлдэх тал дээр хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, үүнтэй холбоотой хууль тогтоомж шийдвэрүүдийг УИХ нь сайжруулах, хууль журмуудаа шинэчлэх ёстой. Парламентаас гарсан шийдвэрүүдийг Засгийн газар зөв мөрдүүлэх, гүйцэтгэх тал дээр анхаарах хэрэгтэй. Энэ утгаараа төрийн гурван өндөрлөгт шаардлага тавих тайван жагсаал зохион байгуулж байна.

-Төв талбайд морьтой жагсахыг зөвшөөрөх үү?

-Бид жагсаал зохион байгуулах хүсэлтээ бүртгүүлэхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад албан бичиг өгсөн. Ер нь жагсаалыг заавал явган хийнэ гэсэн хууль байхгүй л дээ. Бидний хувьд тайван жагсаал хийх зохион байгуулалтаа хангасан. Яваандаа энэ шаардлагыг маань зөвшөөрөхгүй бол жагсаалын хурц хэлбэрт шилжинэ. Мөн үндэсний өв соёл, Монгол дархлаа руугаа халддаг, гадны гар хөл бологсдод сануулга өгнө. Хэрэв тэд жагсаалыг ирж үймүүлэх юм бол ташуураар тархийг нь хага цохино. Ер нь өв соёлоо хамгаалахын төлөө хатуу тэмцэнэ шүү. Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг дархлаа руу халдвал бид маш хатуу тэмцэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Гадны гар хөл бологсод Монголын төр нийгмийн зүтгэлтнүүдийг ижил хүйстэн, цагаач, Хятадын эрлийз гээд үгийн муухайгаар элдвээр зүхэж, маш олон хүнийг сэтгэл зүйн болоод биеийн махбодын хувьд хохироож ирсэн. Одоо үндэсний өв соёл руу орлоо. Энэ янзаараа улс орныг сөнөөх зам руу яваад байгаа юм. Ийм увайгүй, улс орноо худалддаг урвагчидтай бид маш хатуу тэмцэнэ.

-Ингэхэд та хувь хүнийхээ хувьд яагаад энэ жагсаалыг зохион байгуулах болов. Шалтгаан нь юу вэ?

-Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмыг хийлгэхгүй гээд “No Naadam” хөдөлгөөнийнхөн Сүхбаатарын талбай дээр жагсаж, Төрийн наадмыг хийлгээгүй. Тэр үед миний бие санаачилга гаргаж, Монголын залуучуудын байгууллагын 100 жилийн ойг тэмдэглэх нэрийн дор Хүй долоон худагт 512 бөхөө барилдуулаад, 800 гаруй харваачдынхаа цэц мэргэнийг сориод, гурван бүсэд хурдан морьдоо уралдуулж, Ардын хувьсгалын 100 жилийнхээ ойн наадмыг тасалдуулалгүй авч үлдэж чадсан. Миний хувьд Монгол Улс энэ дэлхий дээр монголоороо оршин тогтнохын төлөө монгол өв соёл, уламжлалыг хамгаалж, үр хойчдоо өвлүүлэх туйлын зорилготой хүн. Тэр үүднээсээ “Монголоороо байя” жагсаалд биечлэн оролцож, зохион байгуулж байгаа.

Б.Дулам


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *