Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганыг хаалаа


Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталжээ.

Энэ хугацаанд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсны зэрэгцээ нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын хорооны хуралдаан 146 удаа, Дэд хорооны хуралдаан 6 удаа тус тус хийсэн байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын намын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх шударга ёсны тэмцэл бүрэн үр дүнд хүрч хараахан амжаагүй байна. Энэ тэмцлийг зориудаар зогсоох, гацаах, үнэгүйдүүлэх, үр дүнгүй болгож харагдуулах, илт мушгин гуйвуулсан хар мэдээллээр нийт нийгмийг сөргөлдүүлэх замаар эрх ашгаа гүйцэлдүүлэх зорилготой бүлэглэлүүдийн ил, далд эсэргүүцэл илүү зохион байгуулалттай болж, эрчимжиж байна. Ийм үед эх орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлж, ёс зүй, сахилга хариуцлагыг бат журам болгон, шударга ёс, иргэнээ дээдэлсэн төр, эрүүл нийгэм, хөгжлөө тэтгэсэн эдийн засгийг цогцлоохын төлөө нэг зүгт харсан, нэгдмэл зорилгод хүчээ нэгтгэж зүтгэх нь Та бидний эрхэм журамт үүрэг байх болно.

Улс орныхоо өнөөдрийг зөв дүгнэж, маргаашийн алс хэтийг олж харж, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, зөвхөн улсаа, ард түмнээ бодож зүтгэцгээе” гэсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *