Засаглалын хэлбэр сонгох хайнааг П.Очирбат хагалжээ
“Таны эрх миний эрхээр хязгаарлагдана гэдгийг их сайн ойлгох хэрэгтэй байгаа юм. Ямар ч хүчтэй Ерөнхийлөгч байлаа гээд хууль санаачлагч биш шүү дээ. Ардчиллын жам ёс, улс гүрний, төрийн хөгжлийн ирээдүй бол Үндсэн хуульт парламентын засаглал юм. Бидний сонгосон парламентын засаглал их оновчтой болсон” хэмээн сануулсаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат энэ ертөнцөөс одлоо.
Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг сонголт хийх мөчид Ардын Их Хурлын гишүүд санал тэнцэж, хайнааг П.Очирбат хагалсан гэдэг. Түүний саналаар одоо Монгол Улс Үндсэн хуульт парламентын засаглалтай.
Энэ тухайгаа тэр 2022 онд болсон Үндсэн хуулийн 100 жилийн ойн хуралд “Үндсэн хууль бүтсэн түүх, түүхэн үйл явдал” сэдвээр илтгэл тавихдаа “1991.11.30-нд засаглалын хэлбэрийг хэлэлцэх санал хураалт болов. Тэр үед АИХ-ын депутатуудын санал 2 санал дээр тэнцсэн. Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын алиныг сонгох тухай санал хураалтад, гишүүдийн санал тэнцсэн. Тэр үед Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулж буй хүний хувьд би “Нэг хүний удирдлага хэт төвлөрч, дарангуйлан захирах ёс тогтохоос болгоомжлох, төрийн нуруу төвшин, төрийн эрх мэдлийн шалгуур харилцан тэнцэлтэй байхыг нийгмийн сэтгэлгээ хүлээж, шаардаж байгаа. Тиймээс Монгол Улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан, төрийн удирдлагын парламентын системийг сонгох нь зүйтэй” гэж хэлэлцэж, түүгээр шийдвэрлэсэн тухай хуралдааны протоколд тэмдэглэгдсэн” гэж дурдсан юм. Тухайн үед Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын даргаар П.Очирбат, орлогч даргаар Б.Чимэд, нарийн бичгийн даргаар Д.Дэмбэрэлцэрэн нар ажиллажээ.
“Иргэд төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж чаддаг, ТББ, иргэд төрийн бодлого тодорхойлоход оролцдог байх ёстой. Иргэний нийгэм гэдэг нь иргэн бүр төрийн үйл ажиллагаа, шийдвэрт оролцохыг хэлээд байгаа юм. Бид нийгмийн сөрөг үзэгдлийг төрийн буруу юм шиг бодож, төрөөс шаардаад суудаг. Уг нь иргэд өөрөө өөрийгөө зохион байгуулж, түүнийгээ хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох ёстой. Нийгэмдээ юу оруулчхаад, юу шаардаад байгаа вэ гэдгээ өөрөөсөө асуумаар байна” гэсэн түүний үгийг сануулъя .
Дэлхий дээрх цөмийн зэвсэгтэй 5 улсаар тусгаар тогтнолын баталгаа гаргуулж авсан улс Монголоос өөр байхгүй. Тэр 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы индэр дээрээс Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлав. Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн гүрнүүд дэмжиж, 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 53 дугаар чуулганаараа баталжээ. Монгол Улсын хувьд аюулгүй байдлаа улс төрийн аргаар бататгах чухал алхам боллоо. Энэ бол маш том ололт. Аюулгүй байдлаа улс төрийн аргаар баталгаажуулсан, ухаалаг бодлого байлаа. Үүнийг хийсэн хүн нь П.Очирбат.
Пунсалмаагийн Очирбат гэдэг нэрийг би 1993 онд тогтоож авсан юм. Тэр жил анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль болж, хүмүүс “Л.Түдэв, П.Очирбат 2-ын мэтгэлцээнийг үзнэ” хэмээн зурагттай айлдаа цуглав. Зурагт тэр үед нүдний гэм. Хар зурагттай 2 айлдаа хавь ойрын хүмүүс чихэж, Үндэсний телевизээр дамжуулсан нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг үзсэн. Хүүхдүүд бид улс төр, нэр дэвшигч энэ тэрийг ойлгохгүй ч хүмүүс тэр сонгууль, тэр мэтгэлцээнийг их л чухалчлахыг анзаарч байлаа. Санал хураах өдөр аав, ээж хоёр “Очирбатад саналаа өгнө. Их гүндүүгүй, боловсролтой, ухаалаг хүн байна” гэж ярихыг сонссон доо.
Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, Түлш, эрчим хүчний яамны сайд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга гээд асар том албан тушаал хашиж явсан, МАХН-ын гишүүн хүн Ардчилсан Намаас сонгуульд нэр дэвшиж, Ерөнхийлөгч болсон нь сонин.
Аавынхаа захиасаар тэр номтой хүн болжээ
Миний аав, ээжийн сэтгэлийг татаж, саналыг нь авсан тэр хүн Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхант гэдэг газар төржээ. Бунхантад 10 гаруй булш, бунхан байдаг аж. Түүний ээжийнх нь төрсөн газар бол Номт. Тэнд монгол, төвөд үсгээр юм бичсэн хад бий. Эдгээр газар өөрт нь ашдын ерөөл хайрласан гэж П.Очирбат бэлгэшээдэг байжээ. Үнэхээр тэр номтой хүн болсон. 20 гаруй ном бичиж, докторын зэрэг хамгаалан, академич цол хүртсэн. “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть бүтээлээрээ 2022 онд Төрийн шагнал хүртсэн.
Хад чулуун дунд төрж, чулуугаар тоглож өссөн тэр санаандгүйгээр чулуутай холбоотой мэргэжил эзэмшжээ. 10 жилийн сургуулиа онц дүнтэй төгссөн түүнийг ямар мэргэжил эзэмшихийг хүсэж буйг нь ч асуулгүй, Ленинградын Уул уурхайн сургуульд хуваарилчихжээ. Эндээс заяаны хань Ш.Цэвэлмаагаа олж, сургуулиа төгсөх жилээ 1965 онд Ленинградын Гэрлэх ёслолын оронд хуримлан, МАХН-д элсэн, 10 хоногийн дараа дипломоо хамгаалаад, уул уурхайн ашиглалтын инженерийн диплом өвөртлөн, 1966 оны 1-р сард Монголдоо ирлээ. Эх орон түүнийг яаманд хэсэг ажиллуулаад, Шарынголын уурхай руу томилж, уул уурхай гэгчийг бодитоор үзүүлжээ. Налайх, Шарынголын уурхайг өргөтгөх, Багануурт нүүрсний уурхай байгуулах ажлыг хийлцсэн байна.
Мэргэжилдээ өсөж, ажлаа гартаа оруулж явсаар яамны орлогч сайд болмогц нь түүнийг Эрдэнэтэд уулын баяжуулах үйлдвэр байгуулах бэлтгэл хангах үүрэг оноов. Уурхай, үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг хоттой нь байгуулах нүсэр ажил түүнд оногдсон ч даваад гарав. Орос даргынхаа эвийг олон, монгол инженерүүдийнхээ саналыг бүтээн байгуулалтад тусгаж чаддаг байжээ. Тухайлбал: Оросуудаас зөрөн, ил уурхай байгуулах үндсэн малталтыг өөрчлүүлж, 30 сая төгрөг хэмнэсэн байдаг.
Хэмнэх бол удирдагч хүнд байх ёстой тун чухал чанарын нэг. Уг нь АИХ-ын 2-р хуралдааныг 3 сая төгрөг зарцуулан, 21 хоногт багтааж хийхээр төлөвлөжээ. 504 цаг буюу 30.240 минут гэсэн үг. Хоногт 142.857 төгрөг 14 мөнгө зарцуулна. 1 цагийн зардал 5952 төгрөг 38 мөнгө, 1 минут нь 99 төгрөг 20 мөнгө гэсэн тооцоо гаргав. Депатутууд их удаан ярьдаг, хугацаагаа барьдаггүй, олон дахин босож үг хэлдэг байсан тул П.Очирбат ийм тооцоо гаргаж, депатутуудад танилцуулан, 1 минутын үнэ цэнийг бодож, үгээ цэгцтэй, товч хэлэх санал гаргасан байна. Гэсэн ч 21 хоногт багтсангүй. 73 хоног хуралджээ. Үүний 63-т нь Үндсэн хуулийн төсөл, 10 хоногт нь бусад асуудал хэлэлцсэн байна.
Тэрээр дээрх тооцоогоо тухайн үед тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн нь одоо ч хадгалаастай бий. П.Очирбат 1957 онд 6-р ангийн сурагч байхдаа найзынхаа дурсгасан дэвтэрт тэмдэглэл хөтөлж эхэлжээ. Түүнээс хойш 200 гаруй дэвтэр дүүртэл тэмдэглэл хөтлөн, дэвтрээ хадгалсан байдаг. “Үр хүүхэд, зээ нартаа үлдээх үнэтэй дурсгал маань энэ дэвтэр байж мэднэ” хэмээн тэр 25-р суваг телевизийн “Би” нэвтрүүлэгт ярьсан удаатай.

Наанаас чинь газрын тос гарвал би дээлээ мялаана
Монгол Улсын гадаадаас авдаг барааны 30%-ийг нефть эзэлж байсан тул П.Очирбат эх орноосоо нефть олох хүсэл тээж явжээ. Өөрсдөө хайгуул хийе гэхээр хөрөнгө, хүч дутахын гачлантай, бас “Орос ах” гэдэг хүний ам харахын зовлонгоос болоод, чадахгүй байсан аж.
Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд байхдаа 1989 онд Их Британид ажлын айлчлал хийн, “Бритиш петролиум” корпорацын удирдлагатай уулзахад, сансраас авсан том зураг харуулж, “Танай Монголыг нефтийн том бүс дайрч өнгөрдөг юм байна” гэжээ.
Тамсагийн сав газар газрын тостойг ингэж мэдээд, олборлох ажилд ханцуй шамласан байна. 1994 онд Цагаан-Элсний ордод анхны өрөмдлөг хийхэд П.Очирбат “Наанаас чинь газрын тос гарвал би дээлээ мялаана” гэж амлажээ. Газрын тосны хайгуулчид анхны цооногоос нефть олгойдоход, бүгдээрээ шүршүүлж баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Үүнийг мэдэх тэрээр “Монголын ард түмэн бүгд та нартай хамт баярлана” гэсэн утгаар тэгж хэлсэн юм билээ.
3 жилийн дараа уг талбайгаас анхны нефть оргилж, Монгол Улсын ард түмний өмнөөс Ерөнхийлөгч П.Очирбат цагаан дээлээ хар алтаар мялаасан түүхтэй. Зориуд цагаан дээл өмсөж очоод, газрын тостой гараа дээлийнхээ энгэрт арчиж байгаа түүнийг Үндэсний телевизээр харсан маань П.Очирбат гэх хүнтэй холбоотой 2 дахь тод дурсамж минь юм.
Хүүгээ номтой хүн болгохын тулд ээж нь бүгдийг хийжээ
Түүний аав нь Галуутайн хүрээний “Хавтгай” Гэндэнжав гэж лам байжээ. Сүүлд хар болж, гэрлэсэн байна. Гэндэнжавын отгон дүү Онио нь бас лам байв. 37-ны жил дээрээ дүүг нь өөд болсны дараа Очирбат мэндэлжээ. Түүнд аав нь “Дүүгийн минь сүнс” гэж хэлдэг байсан гэнэ. П.Очирбатыг 5 настай байхад эцэг нь насан эцэслэжээ. Тэрээр нас барахынхаа өмнө эхнэртээ “Хүүгээ номтой хүн болгоорой” гэж захисан гэдэг.
Аав нь лам байсан тул Очирбат ээжээрээ овогложээ. Ээж нь уртын дуу сайхан дуулдаг, найр, наадамд залагддаг хүн байсан аж. “Ээж минь намайг хүн болгох гэж их чармайсан” гэж П.Очирбат гуай дурссан байдаг. Тэднийх Улаанбаатарт нүүж ирээд, ээж нь Амгалангийн ногооны комбинат ажилд оров. Ээжийгээ ногоо зарахаар явахад нь П.Очирбат ногоог нь үүрнэ. Махгүй үедээ тосонд ногоо хуурч иднэ. Гурил зуурч, пийшингийн ширмэн дээр хайраад идчихнэ. Ээжтэйгээ хамт төмөр зам дагуу асгарсан нүүрс түүж, түлнэ.
1950-иад онд техник гэж шалих юм байсангүй. Улаанбаатар хот дотор засмал зам тавих ажилд ээж нь зүтгэж, хашлаганы чулуу үүрдэг байсан гэнэ. Хэдэн хүүхдээ тэжээхийн тулд ээжийгээ хүнд хүчир ажил хийж явааг хараад П.Очирбат “Хурдан том болж, их сургуульд төгсөн, ээжийгээ амраах юм сан” гэж бодох болжээ. Тэр Улаанбаатар хотод 10 жилийн 3 сургууль дамжин сурсан. Хотод ирээд 8-р сургуульд орсон ч 9-р сургууль руу шилжин, хэсэг сураад, 14-р сургууль төгсжээ. Сурагч байхдаа 22 зүйлтэй “Сурагчийн дүрэм”-ийг сайн тогтоосон байна. Уг дүрмийн 1-д “Эрдэмтэй боловсон ард болж, эх орондоо аль болох их тус хүргэхийн тулд эрдэм сурахыг шаргуугаар мэрийн хичээх ёстой” гэсэн байдаг. Үүний дагуу тэр мэрийдэг байжээ. “Эх орондоо аль болох их тус хүргэхийн тулд…” гэдэг өгүүлбэр түүний амьдралын зорилго болж хувирсан байна. Тэр зорилгоо ч биелүүлсэн.
ОХУ, БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан хүн нь тэр. Гадаадын цэрэг, зэвсэгт хүчнийг бие биеийн эсрэг зорилгоор нутагтаа байрлуулахгүй байх, ийм зорилготой эвсэл холбоонд үл оролцох тухай 2 хөрштэйгөө харилцан үүрэг хүлээлцэж чадлаа.
Тэр “Эх орондоо аль болох их тус хүргэхийн тулд…” амьдарчээ
Монгол-Унгар, Монгол- Германы хооронд үүссэн шилжих рублийн өрийг ҮАБЗ, Засгийн газартай нягт хамтран ажилласны үр дүнд шийдсэн. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг 1994 онд УИХ-д өргөн барьж, батуулсан. Бие даасан, эсвэлд үл нэгдэх, нээлттэй бодлого явуулж, улсынхаа гадаад харилцааг өрөөсгөл байдлаас гаргаж, олон түнштэй болох бодит баталгаа бий болгож, Монгол Улс ардчиллын замд эргэлт буцалтгүй орсон гэдгээ Дэлхий дахинаа харуулсан юм.
Үүний үр дүнд Монгол Улсыг Ази тив дэх ардчиллын бэлгэдэл гэж Барууны орнууд үздэг болсон билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтон Австрали, Тайландад хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Улсыг Ази дахь ардчиллын тод жишээ болгож ярьсан нь үүнийг нотолно. Монгол Улстай хийх худалдааны нэн таатай нөхцөлийг АНУ 1 жилээр сунгадаг байсан бол Ерөнхийлөгч Б.Клинтон байнгынх болгов. Энэ бол Монголын ардчилалд АНУ итгэлтэй болсных юм.
Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх, IV цахилгаан станц байгуулах ажил түүнгүй бол яах байсныг мэдэхгүй. Ерөнхийлөгчөөр ажиллахдаа УИХ-д өргөн барьсан Хүнсний тухай, Төрийн хяналтын шалгалтын тухай, Төр, сүм хийдийн харилцааны тухай гэх мэт хуулийн төслүүдийнх нь 14 нь батлагджээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг боловсруулж, батлуулсан хүн ч тэр.
0-16 насны хүүхдэд хурц халдварт өвчний вакцин үнэгүй хийх, жирэмсэн эмэгтэй, нярай хүүхэдтэй эхийн эрүүл мэндийг төр хариуцдаг болсон нь түүний гавьяа. Одоо манай улс хүүхэд бүрт заавал суурь боловсрол эзэмшүүлж байгаа нь ч түүний ач юм. Тэр “Эх орондоо аль болох их тус хүргэхийн тулд…” амьдарчээ.