Сурвалжилга: Иргэд хонь, үхрийн бөөрийг таллаж авч байна


Махны үнэ хэзээнээс монголчуудын чухал асуудал байсаар ирсэн. Тал нутаг дүүрэн таван хошуу малтай гэдэг хэр нь махны үнэ нь тэнгэрт тулж байна гэдэг шүүмжлэл тасардаггүй. Сар шинийн баяр ойртож буй энэ өдрүүдэд иргэдийн худалдан авалт, махны үнэ ямар байгаа талаар бид сурвалжиллаа.

“Шонхор” зах өдрийн 11:00 цаг

Иргэдийн хамгийн их зорьж очдог газар бол “Шонхор” зах. Өдрийн 11 цагийн орчим очиход, хөл хөдөлгөөн бага байлаа. Үхрийн ястай мах 14.000-15.000 мянга, цул мах 16.000-19.000, хонины цул мах 14.000-15.000 төгрөг байв. Сар шинийн баяр дөхөж байгаа учраас ууц, өвчүү авахаар ирсэн хүнтэй цөөнгүй таарав. Тэд “Өнгөрсөн жил 20-30 мянган төгрөгөөр хямд байсан. Энэ жил үнэтэй болсон байна. Гэсэн ч авахаас өөр арга байхгүй” гэж ярилаа.

Махны үнэ ийм ханштай байгаа бол дайвар бүтээгдэхүүний хэрэглээ, үнэ ямар байгааг тодрууллаа.

Өдөртөө 10 умс, хятаа зарвал их юм болж байна

“Шонхор” захад 30 дахь жилдээ ажиллаж буй Л.Ганчимэг “Иргэдийн худалдан авах чадвар жилээс жилд муудаж байгаа. Нэг үеэ бодвол хүмүүс дайвар бүтээгдэхүүн авдаг болсон. Гэхдээ жилээс жилд худалдан авалт муудаж байна. Умс, хятаа кг нь 6000-7000 төгрөг, өрц мах кг нь 10.000, адууны зүрх кг нь 3000, элэг кг нь 1000, бөөр кг нь 2000 төгрөгийн үнэтэй байгаа. Би өдөртөө 15 адууны гэдэс өлхөн зардаг байсан. Харин одоо орой болтол суугаад, арай гэж зарж байна. Дайвар бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй. Умс, хятаа кг нь 6000 мянга байхад хүмүүс төдийлөн авахгүй байна. Иргэдэд үнэтэй санагдаж байна уу, эсвэл авах мөнгөгүй байна уу? Худалдан авалт тааруу л байна. Уг нь дайвар бүтээгдэхүүнүүд хамгийн шим тэжээлтэй, гоё шүү дээ” гэж тэрээр онцолсон юм.

Махны үнийг дагаад, дайвар бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг

Махны үнэ нэмэгдэхээр дагаад дайвар бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Өнгөрсөн жилийн яг өдийд зарагдаж байсан үнээс дайвар бүтээгдэхүүний үнэ энэ жил 1000-2000 төгрөгөөр нэмэгджээ. Мөн дайвар бүтээгдэхүүний олдоц ховордсон гэнэ. Малчид, ченжүүд их хэмжээгээр оруулж ирдэг байсан ч шатахуун, зардал бусад зүйлээс шалтгаалаад, дайвар бүтээгдэхүүн нийлүүлэх нь багассан гэнэ. Тэр хэрээр олдоц мууджээ.

“2023, 2024 онд махны нөөц сайн байсан, энэ жил нөөц бага байгаа болохоор дайвар бүтээгдэхүүний олдоц ховор байна” гэж худалдагч М.Ганхуяг хэлсэн юм. Тэр “Хавар зарагддаг үнээр одоо зарж байна. 5-6 сард бид ажиллах юм уу. Энэ байдлаар бол хэцүүхэн байна” гэдгийг учирлав.

Үхрийн зүрх таллаж авдаг хүн бий

Дайвар бүтээгдэхүүний үнэ махны үнийг бодвол харьцангуй хямд байлаа. Гэсэн ч дайвар бүтээгдэхүүн авах хүн ховор болжээ. Өнгөрсөн жилийнхээс дайвар бүтээгдэхүүний үнэ бага зэрэг нэмэгджээ.

Худалдагч Г.Дэлгэрсайхан “Жил ирэх тусам худалдан авалт буурч байна. Үхрийн зүрх, бөөр таллаж авдаг хүмүүс байдаг. Бид таллаж зармааргүй байдаг ч аргагүйн эрхэнд зарах үе бий. Бөөр таллаж авдаг иргэдээс гадна бөөнөөр нь авдаг хүн ч бий. Гэхдээ 3-4 килограммаас хэтэрдэггүй. Ресторан, хоолны газрууд их хэмжээгээр худалдаж авдаг байсан ч сүүлийн үед муу байгаа” гэж дурдлаа.

“Шонхор” зах өглөөгүүр л хөл, хөдөлгөөн ихтэй, хүн бужигнаж байдаг. Гэвч үдээс хойш болон оройдоо хүний хөл эрс татардаг болчхоод байгаа гэдгийг худалдагч нар ярьж байлаа. Биднийг очих үед хүн цөөн байв.

Төрийн албан хаагчдын үндсэн цалинг 1 дүгээр сарын 1-нээс 6 хувиар нэмсэн. Бүрэн Тэтгэвэр, цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689.000 төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлсэн  тэтгэврийн доод хэмжээг 572.400 төгрөгөөр шинэчлэн тогтоосон.

Цалин хөлс нэмэгдэхийн хэрээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг нь жам мэт болсон. Хэдийгээр цалин өсөж байгаа ч нөгөө талд хоногийнхоо бор хоолыг залгуулахын тулд хонины бөөрийг ч таллан авдаг хэсэг олширч байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *