Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн зорилтыг хотын дарга танилцууллаа. Үүнийг 2040 он гэхэд 2.1 сая орчим хүн амтай хотыг хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, аюулгүй хот болгох төлөвлөлт гэж ойлгож болно. Энэ удаагийн төлөвлөгөөнд олон улсад ашигладаг орон зайн төлөвлөлтүүдийг ашиглаж байгаа аж. Тухайлбал: Улаанбаатар хотод өмнө нь өндрийн бүсчлэл огт байгаагүй. Тэгвэл энэ удаа “FAR” аргачлалаар Улаанбаатар хотын өндрийн бүсчлэлийг гаргаж байгаа гэнэ. Түүнчлэн тухайн барилга, байгууламжид ногдох ногоон байгууламж, авто зогсоолын харьцааг “BCR” аргачлалаар тооцох аж. Ерөнхий төлөвлөгөөний хамгийн нэгдүгээр шинж чанар орон зайн төлөвлөлт байдаг. Энэ утгаараа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 470 мянган га талбайг цаашид аль хэсэгт нь суурьшлын, хориглолт, хязгаарлалтын бүс байхыг тодорхой зааж өгчээ.
2002 онд батлагдсан, 2013 онд тодотгосон өмнөх тавдугаар ерөнхий төлөвлөгөөний 29.3 хувь нь хэрэгжсэн байна. Үүний гол шалтгаан нь эдийн засаг, хууль тогтоомжийн зөрчилтэй байдал, замбараагүй газар олголт, барилгажилттай холбоотой. Тиймээс эрчим хүч, дулаан хангамжийн гол эх үүсвэрүүдийг бий болгож, инженерийн шугам сүлжээг өргөтгөж байж агаар, орчны бохирдлоос салах юм.
Үүнээс гадна авто замын түгжрэлийг шийдэхийн тулд дахин орон зайн төлөвлөлтийг шинээр хийх, давхар гүүрэн зам, барилга байгууламжуудыг шинээр барих зарчмуудыг уг ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд, 242 тэрбум төгрөг шаардлагатай
2040 он гэхэд Улаанбаатар хотын нийт айл өрхийн 80 хувийг орчин үеийн орон сууц, амины орон сууцанд шилжүүлнэ гэж төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл: 15 жилийн дараа Улаанбаатар хотын 80 хувь нь нүхэн жорлонгоос сална.