Саудын Арабын Биша хотод болсон 47 дэх удаагийн “Дакар ралли 2025” уралдаанд Монголын тамирчин П.Мөрөн анх удаа оролцож, 8000 км замыг 14 хоногийн хугацаанд туулан, барианд амжилттай оров. “Дакар ралли” бол Дэлхийн хамгийн том, хамгийн урт, хамгийн хэцүү уралдаан гэдгээрээ алдартай. Энэ уралдаанд оролцсон хүмүүс маш их бэртэж, зарим нь амиа алддаг. Тэгвэл Time.mn саит мотоспортын ОУХМ П.Мөрөнтэй хамгийн сүүлд оролцоод ирсэн “Дакар ралли” уралдааных нь тухай ярилцлаа.
Сайн байна уу? Багаасаа мөрөөддөг байсан уралдаандаа амжилттай оролцоод ирлээ. Баяр хүргэе! Уралдаан төсөөлснөөс хэр байв?
Сайн байна уу? Баярлалаа. Ер нь элс, чулуу, хад гээд байж болох бүх хүнд газраар сонгогдсон замаар уралдсан. Миний хувьд төсөөлснөөс дээгүүр уралдаан боллоо. Төсөөлснөөс дээгүүр гэдэг нь хүнд хүчрийн хувьд ч тэр, сэтгэл санааны хувьд ч тэр, хүнд газар байсан. Өндөр түвшинд, урдуур уралдъя гэвэл илүү сайн бэлдэх ёстой юм байна лээ. Манай баг 8 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Ер нь баг сайн байх, бас мотоциклийн бүрэн бүтэн байдал маш чухал юм байна.
Таны хувьд ямар амжилт гаргана гэж явсан бэ? Зорьсондоо хүрсэн үү?
Ер нь бол зорьсондоо хүрсэн. Гэхдээ илүү амжилт гаргах боломж бас байлаа. Монголоос Гавьяат тамирчин Д.Болдбаатар ах 45-р байрт орж байсан. Энэ бол одоогоор Монголын хамгийн дээд амжилт. Миний хувьд саяны уралдаанд 40 хавьцаа явж байсан. Уралдааны дундуур топ 30 руу орж ирсэн боловч техникийн саатал гараад, байр ухарсан. Мотоцикл маань хоёр өдөр дараалан эвдэрч, хугацаа их алдсан. Тэгээд замаа дуусгаагүйн торгууль авч, уралдаанаа үргэлжлүүлсэн. 36 цагаар торгуулаад, 145 тамирчнаас 76-р байрт орсон. Мотоцикл эвдэрснээс хойш дүнгээ ч харахаа байсан. Уралдаандаа төвлөрөөд, гол нь бариандаа оръё гэсэн зорилготой явсан. Ер нь уралдааны үед техник эвдрэх их хэцүү. Уралдмаар байвч өөрөөс шалтгаалахгүй зогсохоор хүнд байдаг.
Уралдааны явцад техник их саатсан гэсэн. Тухайлбал: Ямар саатал гарсан бэ?
Мотор дээр техникийн саатал их гарсан. Тосоол багасах, их халах, маслоны боолт байхгүйг мэдэхгүй удаан явсан. Тэрний дараа өдрөөс мотоциклийн бусад араа байхгүй болоод, хоёрдугаар араагаараа 40 км цагийн хурдтай 100 км яваад зогссон. Тэгэхээр дараа дараагийн уралдаанд аль болох шинэ мотоцикл авч унах ёстой юм байна. Мөн бэлтгэл сургуулилалтаа илүү өндөр ачаалалтай хийн, олон улсын уралдаануудад оролцож байх ёстой юм байна лээ. Зарим хүн урдуур уралдаж чадахгүй ч гэсэн бариандаа оръё гэсэн зорилготой явдаг гэсэн. Миний хувьд залуу хүн учир арай өөр зорилго тавьсан. Өмнөх амжилтаа ахиулах, топ 20, 30 руу орох гэх мэт. Гэтэл яг өөрөө яваад үзлээ, мэдэрлээ. “Дакар ралли”-гийн уралдаан эхэлсэн бол амьд ирэх, дуусгах гэдэг маш том зорилго болдог юм байна. Тэсвэр тэвчээр, өөрөө өөрийгөө даван туулах сэтгэл санаа маш чухал юм байна гэдгийг ойлгоод ирсэн.

Уралдааны дундуур техник эвдэрвэл яаж засдаг вэ. Өөрөө засах уу?
Уралдааны дунд техник саатвал өөрөө л янзална. Янзалж чадахгүй бол уралдаанаас хасагдана. Манай багийнхан 200 км-ийн цаанаас ирж, намайг аваад явсан. Замынхаа 50 хувьд хүрсэн болохоор явж болж байсан. Өглөө 4 цагаас гараад, орой 17, 18 цаг хүртэл явдаг. Замын нөхцөл байдлаас шалтгаалаад, харанхуй болгох үе ч бий. Зарим нь манхан дунд хонодог. Маш хүнд тэмцээн. Сүүлийн өдөр гэхэд 145 хүн гараанаас гарсан бол 80 нь барианд орох жишээтэй. Замын бартаанаас шалтгаалж, хавиргаа хугалах, гар хөлөө бэртээсэн хүн олон байсан. Ер нь маш хэцүү тэмцээн гэдгийг үүнээс харж болно.

“Дакар ралли”-гийн уралдааныг элсэн манхнаар л төсөөлөөд байсан боловч 20-30 хувь нь манхан, үлдсэн хувь нь хад чулуу, том тунель, хадан хавцал ихтэй байсан. Төсөөллөөс шал өөр, хэцүү уралдаан болсон. Хад чулуутай хээрийн бүс нь Монголтой төстэй. Монголын хавар, намар, зуны өглөө шиг сайхан сэрүүхэн +20 гаруй градустай. Сүүлийн хэсэг болох элсэн манхан дунд эсэргээрээ маш халуун. Монголоос -20-25 хэмтэй явсан бол тэнд +30, +40 рүү дөхөөд л байсан. Амьсгал давчаад, хүнд байсан. Гэхдээ хамгийн гол зорилго нь тэмцээнээ дуусгах байсан болохоор хэлснээ биелүүлээд, амжилттай сайхан уралдаад ирсэн.
“Дакар далли”-гийн дараагийн уралдаанд орох уу?
Орно оо. Дараа жил дахиад Саудын Арабд зохиогдоно. Нэг яваад үзлээ. Одоо бол сайн бэлдээд, дараачийн уралдаанд сайн оролцоно. Одоо ч гэсэн бодсоор л байна. Амжилтаа ахиулах, дээрээс нь энэ спортыг сонирхож байгаа хүмүүсийг энэ тэмцээнд оруулах хэрэгтэй. Ганцаараа биш, багаараа явбал илүү хүчтэй, түшигтэй байх юм шиг санагдсан.
Барианд орох мэдрэмж ямар байсан бэ?
Барианд орох мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Өөрөөрөө, багаараа бахархсан. Гэр бүл маань, маш олон хүн, албан байгууллага биднийг дэмжиж байсан. 14 хоногийн турш ганцаараа уралдаад байгаа боловч миний ард байсан олон хүн сэтгэл зүрхээрээ надтай хамт уралдсан /Инээв/.
Барианд ороод шагналаа авахдаа монгол хувцсаа өмссөн нь сайхан харагдсан. Тэнд байсан хүмүүс их гайхсан уу?
Тийм ээ. Их сонирхож байсан. Монгол дээл хувцастай хүн өмнө нь энэ тэмцээнд орж байгаагүй болохоор тэнд байсан сэтгүүлч, зураглаач нар хүртэл ярилцлага их авсан. Бараг урдуур уралдаж орж ирсэн тамирчдаас илүү үндэсний хувцастай над дээр илүү анхаарч байсан.
Ер нь монгол хувцсаа хэр их өмсдөг вэ?
Баяр ёслолын үеэр л ихэвчлэн дээлээ өмсдөг. Бусад үед байнга өмсөөд байдаггүй ээ.

Уралдах мэдрэмж юугаараа өөр байдаг вэ?
Олон жил уралдаж байгаад, үзэгчийн судлаас хоёр, гурван уралдаан үзэж үзсэн. Тэгсэн хажуу талаас нь зүгээр суугаад, уралдаан үзэж чадахгүй юм байна лээ. Уралдахгүй байгаад байхаар би биш ч юм шиг санагдаад, сонин мэдрэмж төрдөг. Яалт ч үгүй уралдах мэдрэмж гайхалтай. Хурдлах, салхи сөрөх, харайх гээд, тэр болгонд янз бүрийн мэдрэмж авдаг.
Уралдааны үед ер нь хэдэн км хурдалдаг вэ?
“Дакар ралли”-гийн үеэр дээд хурдны хязгаар нь 160 км/цаг. 160 км/цагаас дээш хурдалбал торгуультай. Минут, цагаар эсвэл мөнгөөр торгодог. Саяны уралдаанаар нэг өдөр 167 мильтэй явж байгаад, 5 минутаар торгуулсан. Хэдэн км замыг хориглосон өндөр хурдаар туулсан байна гэдгийг хэмжээд, торгодог.

П.Мөрөн гэр бүлтэй юү?
Би эхнэр, хүүхэдтэй. Хүүхэд маань гурван настай. Хүүхдээ уралдуулна даа! Яаж мотоцикл авч өгнө дөө гээд бодоод байж байна /Инээв/. Нэг гэр бүлээс хоёр тамирчин байх хэцүү. Яаж ийж байгаад болгоно доо. Ихэвчлэн амралтын өдрүүдийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг хичээдэг. Тамирчин болохоор гэрээсээ олон хоногоор хол явдаг. Тийм болохоор хүүхдэдээ цаг их зарцуулдаг.
Та хэдэн жил мэргэжлийн түвшинд уралдаж байна?
2009 оноос хойш мотокросс төрлөөр уралдсан. Ралли чиглэлээр сүүлийн 4 жил тасралтгүй уралдаж байна. Монгол, гадаад нийлсэн 90 гаруй тэмцээнээс 80 гаруй медаль хүртсэн.
За баярлалаа. Таны цаашдын уралдаанд нь амжилт хүсье!
Баярлалаа. Баяртай.