Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн эмэгтэй багуудаас плэй-оффт өрсөлдөх 4 баг тодорч, цувралын эхний тоглолтуудаа хийгээд байна.
Нийт зургаан багт өрсөлдсөнөөс плэй-оффын шатанд “Улаанбаатар Амазонс” VS “АОДЭ М Винкс” багууд, “Омни Хүлгүүд” VS “Аравт” багууд хоорондоо тоглохоор учраа таарсан.
Тэгвэл энэ улирал эмэгтэй тоглогчтой хамгийн өндөр буюу 40 сая төгрөгөөр гэрээ хийж шуугиан тарьсан “Аравт” баг дахин нэг шуугианы эзэн боллоо. Тодруулбал “Аравт”-ууд плэй-оффын цувралын эхний тоглолтод өнгөрсөн жилийн аваргууд болох“Омни Хүлгүүд”-ийг илүүрхэв. Ингэхдээ WNBA-д драфтад байсан, АНУ-ын шигшээ багийн тоглогч асан Линдси Пуллиамаар хүчээ зузаатган 81:74 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа.
Өдгөө 25 настай Линдси Пуллиам нь шинэ багтайгаа нэгдсэн эхний тоглолтдоо 12 оноо авч өөрийн хувь нэмрээ орууллаа. Мөн Б.Болор-Эрдэнэ 17 оноо, Амара Коүлмен 16, Э.Чимэддолгор нар 14 оноо авч багаа тэргүүлсэн.
Турк, Испани, Исланд, Словакийн багуудад хүчин зүтгэж байсан туршлагатай Линдси Пуллиам нь 2021 онд WNBA-ийн драфтын 3-р тойргийн 27 дахь сонголтоор “Атланта Дрийм” багт нэгдэж байснаас гадна 2019 онд АНУ-ын шигшээ багийнхаа хамтаар Пан-Америкийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан тамирчин юм.


