Говийн нутгаар гол урсах цаг айсуй. Уг нь өдийд говиор гол урсаж байх учиртай ч дархан аварга тэргүүтэй хэнтийнхний эсэргүүцлийн улмаас говь голгүй хоцорсон доо. Харин одоо тэр голыг урсгахаар Хэнтийгээс гаралтай Ерөнхий сайд шийдэв.
Хэрлэн голын усыг говь руу урсгахдаа суваг шуудуу татаад, голын голдирлыг өөрчлөн, газар дээгүүр гол урсгана гэж зарим хүн андуурдаг. Үгүй л дээ. Хэрлэн голыг говь руу шугам хоолойгоор урсгана. Хэнтийн эрчүүд Хэрлэнгийн усаар хүүхнүүдийн үсийг угааж өгдөг бол одоо говийн нүүрсийг угаана.
30 сая тн нүүрс угаахад Загийн-Усны хоолойн ус хүрэлцэхгүй
“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэр ирэх 3-р сараас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Тэгэхээр маш их ус хэрэгтэй.
Тавантолгой ордын нүүрсийг аль болохоор хаялгүй, бүгдийг нь ашиглахаар “Эрдэс Монгол” нэгдэл төлөвлөсөн. Үүний тулд нүүрсийг гүн боловсруулах ёстой. Энэ үйлдвэр жилд одоохондоо 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авч, баяжуулан, 5.6 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид жилд 30 сая тн нүүрс угаахаар төлөвлөсөн.
Тавантолгойд нийт 13 төрлийн нүүрс бий. Салаа давхаргуудыг нь тооцвол 35 төрлийн нүүрстэй. Хоорондоо адилгүй, өөр өөр шинж чанартэй эдгээр нүүрсний чанартайг нь сорчлон олборлоод, хятадуудад зарж байв. Чанартайг нь ухаж зараад, чанар муутайг нь үлдээгээд байвал Тавантолгойн ордыг ашиглах нь утгагүй явдал болно. Нүүрсийг ялгалгүй олборлож, угаан, баяжуулбал бүгдийг нь зарах боломжтой, эдийн засгийн хувьд ашигтай. Тааруу нүүрсийг угаан баяжуулбал экспортын шаардлага хангасан бүтээгдэхүүн болдог.
1 их наяд 88 тэрбум төгрөгөөр босгож буй уг үйлдвэр нойтон баяжуулах технологи ашигладаг. Секүндэд 56.7 литр усаар нүүрс угаадаг. Ашигласан усныхаа 96.6%-ийг дахин ашиглана. Энэ их усыг одоогоор Цогтцэций сумын нутагт, Тавантолгойгоос зүүн хойш 65 км зайтай орших Загийн-Усны хоолойгоос авч байна. Загийн-Усны хоолойн гүн дэх усны орд уг үйлдвэрийг 25 жил хангах нөөцтэй. Харин Тавантолгой 70-80 жил ашиглах нүүрстэй. Загийн-Усны хоолойн ус хүрэлцэхгүй гэсэн үг. Үүнээс гадна секүндэд, хоногт ашиглаж болох хэмжээ гэж усанд бий. Энэ усны нөөц 63.65 л/сек. Жилд 10 сая тонн нүүрс угаавал хүрэлцэнэ. 30 сая тонныг угаана гэвэл хүрэлцэхгүй.

Нүүрс байтугай нүүрээ ч угаахад хайран ус
Тиймээс Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаанцавын гүний усны ордоос шугам хоолойгоор ус татахаар “Эрдэнэс Тавантолгой” ХК ТЭЗҮ, зураг төсөл хийлгэж байна. Цагаанцавын газрын доорх усны орд Мандах сумын төвөөс зүүн урагш 75 км, Сайншандаас баруун урагш 150 км зайтай, Үнэгтийн хотгорт оршино. Эндэх гүний усны нөөцийг 1977 онд 800 л/сек гэж тогтоожээ. Хоногт 69.120 м3 ус авч, үйлдвэрт ашиглаж болно гэсэн үг. Үүнээс 220 л/сек усыг “Эрдэнэс Тавантолгой” ХК авахаар тооцжээ. Үүнээс өмнө “Монголын алт корпорац” ХХК (МАК) Цагаанцаваас 550 л/сек ус ашиглахаар болчихсон тул “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ усыг бүхэлд нь ашиглах боломжгүй.
Үүний зэрэгцээ Тавантолгойн уурхайн эргэн тойронд 2 хөв цөөрөм байгуулан, нийт 4.5 сая шоо метр ус хуримтлуулжээ. 2024 оны зун говьд бороо арвин орсон болохоор овоо ус цуглуулж чадсан байна. Энэ жил хөв цөөрмөө сайжруулж, газрын гүн рүү усаа алддаггүй, ууршдаггүй болгохоор төлөвлөжээ.
Гэсэн ч энэ бүхэн хангалтгүй тул Тавантолгойн ордоос 100 км-ийн радиус дотор усны хайгуул хийх шаардлага үүсжээ. Тендер ч зарласан, гүйцэтгэгч ч шалгарсан. Энэ хайгуулын үр дүн яаж гарахаас шалтгаалж, хаанаас ус авах вэ гэдэг асуудал шийдэгдэх нь. Хэрвээ усны орд олдохгүй бол Хэрлэнгийн усыг ашиглах хувилбар бий. Усны орд олдсон ч Хэрлэнгийн усыг хэрэглэнэ. Учир нь Дэлхий дахин гүний усаар нүүрс угаах нь бүү хэл нүүрээ ч угаахаас татгалзах болсон. Харин бид гүний усаа гамгүй хэрэглэж байна.
Манай улсын ашигласан усны хэмжээ:
- 2021 онд 594.8 сая м3 ус,
- 2022 онд 606.2 сая м3 ус,
- 2023 онд 679.1 сая м3 ус
- 2024 оны урьдчилсан дүнгээр 618 сая м3 ус
Монгол орны нийт усны ердөө 2% нь гүнийх. Гэтэл хэрэгцээт усныхаа 80%-ийг бид гүнээс авдаг. Гадаргын усаа ашиглаж огт чаддаггүй.
Ус ашигласан салбар:
- Хөдөө аж ахуйн салбар 48.6%,
- Уул уурхайн салбар 26.1%,
- Хүн амын унд, ахуйн хэрэглээ 14.5%,
- Эрчим хүчний салбар 5.8%,
- Үйлдвэр, ахуйн үйлчилгээний салбар 5%
Хэрлэн-Тооно бол хойш тавьж болохгүй төсөл
“Эрдэнэс Тавантолгой” ХК Цагаанцав, Загийн-Усны хоолойгоос ус татах шугамаа Хэрлэнгээс говь руу ус татах хоолойтой холбохоор төлөвлөж байгаа аж. Устай болчихвол эднийх бүх үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна. Тиймээс Хэрлэн-Тооно бол хэзээ ч хойш нь тавьж болохгүй төсөл. Гэвч бид хэчнээн жил хойшлуулав даа. Усан сан байгуулах газрыг 1980-аад онд Монгол, Унгарын судлаачид хамтран судалсан бол 2000 оны эхээр Японы “Жетро” байгууллага, 2013-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам ч судалгаа хийжээ. Засгийн газар 2017 онд “Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийх тухай” 232 дугаар тогтоол гаргасан ч ажил болгож чадалгүй 8 дахь жилийнхээ нүүрийг үзлээ.
Хэрлэн гол Монголын нутгаар 1090 км урсаж, БНХАУ-ын Далай нууранд цутгадаг. Жилд дунджаар 600 сая шоо м усаар Далайг тэжээдэг. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Тооно уулын дэргэд 2.4 км урт, 40 м өндөр шороон боомт байгуулна. 2.4 км урт, 1.6 тэрбум м3 талбайтай усан сан үүсгэж, Хэрлэнгийн илүүдэл усыг цуглуулна. Үүнийгээ Сайншанд хүртэл 800 мм-ийн диаметртэй, 235 км урт хос ширмэн хоолойгоор урсгана. Усан санг ашиглан, 6-7 МВт хүчин чадалтай УЦС байгуулж, жилд 35-40 сая кВт/ц цахилгаан үйлдвэрлэнэ. Усан сангаас жил бүр 120-130 сая м3 ус авч ашиглах боломжтой.
Хэрлэн голыг цас, бороо голдуу тэтгэдэг бол газрын гүнээс багахан нэмэр авдаг аж. Хэрлэн гол дээр 1948 онд ус судлалын харуул байгуулан, судалж иржээ. Ус зүйн хувьд сайн судлагдсан гол. Судалгаанаас харвал Багануур орчимд дундаж урсац нь 21.6 м3/сек. Секүндэд 20 гаруй тонн ус үүгээр урсаж өнгөрдөг. Бороо ихтэй үед ганцхан секүндэд 160 тн ус голдиролдоо багтаж ядан үерлэнэ. Ийм үед нь усыг нь хиймэл нууранд хуримтлуулж аваад, ус багатай, гантай үед голоо бага багаар тэжээвэл Хэрлэн хэзээ ч тасрахгүй.

Усзүйчдийн зөвлөснөөр бол Хэрлэн голын эх хавиас 4-6%, дунд хэсгээс 6-8%, адагт 9-12%-ийг нь авч ашиглах боломжтой. Секүнд тутамд 2-3 тонн ус авч болох нь. “Хэрлэн-Говь” нэрээр эхэлсэн энэ төслийн нэрийг Л.Оюун-Эрдэнэ “Хэрлэн-Тооно” болгож солиод, Засгийн газраас зүтгүүлэх 14 мега төслийнхөө 1 болгосон. Энэ төсөл биелбэл Хэнтийн 3, Төвийн 2, Говьсүмбэрийн 3, Дорноговийн 8, Өмнөговийн 3 сумын газар нутгаар Хэрлэн гол урсаж, замдаа таарсан бүхнийг ундаалан, тэтгэсээр Сайншанд хүрнэ. Энэ төслийн ТЭЗҮ, судалгааг “Эрдэнэ-Оюутолгой” ХХК санхүүжүүлэн, “Монхидро констракшн” ХХК-иар хийлгэж байна.