Х.Баасанжаргал:Өөрсдөө мотоциклээр малаа хариулдаг атлаа хүүхдээр морь унуулах гээд “чичрээд” байх юм


УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хаврын морин уралдааны асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Жил бүр хаврын уралдааныг сэргээх асуудлаар жагсаал тэмцэл, гомдол санал тасралтгүй үргэлжилсээр байна.Нөгөөтээгүүр уяачид улс төрд ямар их нөлөө үзүүлдэг вэ гэдгийг бид мэдэх ёстой. Хаврын морин уралдаан бол уламжлал биш юм гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна.Үүнийг би хэлж байгаа юм биш. Шүүх болон үндэсний архивын газрын баримтаар тогтоосон байдаг.

Өөрөөр хэлбэл 2004 оноос хойш албан ёсоор хаврын уралдааныг зохион байгуулдаг болжээ. Энэ уралдаан бол 15 жилийн түүхтэй. Гэтэл яагаад бид хаврын уралдааныг өв соёл гэж ойлготлоо андуурав. Үүнд би улстөрчдийг буруутай гэж хэлнэ.Улстөрчдийн асар хүчтэй оролцоо буй. Түүх сөхөж харвал хаврын морин уралдаан 2005 оноос засгийн газрын тогтоолтой зохион байгуулагддаг болсон.Энэ тогтоолын дагуу бид хүүхдийн эрхийг зөрчиж эхэлсэн. 2019 онд тухайн үеийн засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн шийдвэрээр 9 дүгээр сарын нэгнээс тавдугаар сарын нэгэн хүртэл ямар нэгэн хурдан морины уралдаан тэмцээн зохион байгуулж хүүхдээр морь унуулахгүй байх тогтоол шийдвэр гарсан. Хэдийгээр тогтоол шийдвэр гарсан ч орон нутагт хууль зөрчсөөр ирсэн. Энэ бол ахиад л улстөрчидтэй холбоотой. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө орон нутагт ажиллаж байх үед орон нутгийн уяачид гэх нэр нөлөө бүхий хэсэг нөхөд хэрвээ сонгуульд ялъя гэж бодож байвал хаврын уралдааныг сэргээх гэх ятгалгыг хүчтэй хийдэг байсан. Уяачдын лобби улс төрд асар хүчтэй байдаг нь үүний илрэл. Уяачдын холбоог сонгуульд ашигладаг сүлжээ болгосон улстөрчид ч мөн энэ парламентад буй. Хаврын уралдаанд насанд хүрэгчид богино зайд уралдаж болж байна. Үнэхээр өв соёлдоо хайртай юм бол өдөр тутамдаа мотоцикл биш морио унаж хэрэглэдэг байх ёстой. Илэрхий тодорхой хүүхдийн эрхийн зөрчил дээр монголчуудыг битгий талцуулаач гэж хүсэх гэсэн юм” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *