“Ажил хийх хүн олдохгүй байна” гэж захирлууд, хүний нөөцийн менежерүүд үглээд удав. “Гайгүй цалинтай ажил олдохгүй байна” гэж ажиллах хүчин гомдоллоод улиг болов. Энэ хоёрын эрх ашиг хаана хүрч огтлолцох нь үүнээс тодорхой байна. Хүний хэрэгцээг хангах цалин дээр огтлолцох цэг оршиж байна. Гэвч огтлолцдоггүй ээ.
Тэгээд л ажиллах хүчээ харьд алдчихаад, одоо гадаадаас ажиллах хүч авах тухай маргалдаад сууж байна. УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Квот гэдэг зүйл дарга нарын аж ахуйн нэгжүүдийг зовоох хэрэгсэл болсон. Энэ квотыг авч, гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай. Дандаа улстөрчид байгаа.
Жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүс 1 ч квотод хамрагдаж чаддаггүй. 10 гаруй ажилтантай бизнес эрхлэгч шинэ тоног төхөөрөмж аваад, түүнийгээ ажиллуулах мэргэшсэн инженер гаднаас оруулж ирж чадахгүй байна. Гэтэл томоохон аж ахуйн нэгж энэ квотод хамрагдаад, ажлын байрны төлбөрөөс 100% чөлөөлөгдөж байна. Үүнийг болиулах хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Түүний ярианаас үзвэл гадаадаас ажиллах хүч квотгүй оруулж ирээд, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төсөл нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг харж үзэх гээд байгаа юм шиг. Үнэндээ бол үгүй л дээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчид ч үүнийг мэдэж байгаа. Жижиг бизнес эрхлэгчид гадаадаас ажиллах хүч оруулж ирнэ гэж ёстой байхгүй. Тэд тэгж зүүдлэх ч үгүй. Дунджууд бол яах вэ, “Морьтын хишиг явганд гэгчээр” Засгийн Газрын нөмөрт ганц нэг хүн гадаадаас оруулж ирж чадвал…” гэсэн тооцоо л тэдний цээжинд явна.
Гадаадаас ажиллах хүч квотгүй оруулж ирэх нь том аж ахуйн нэгжүүдэд, тэр дундаа Засгийн Газарт өөрт нь хэрэгтэй. 14 мега төслөө гадаадын ажиллах хүчгүйгээр монголчууд бид өөрсдөө хэрэгжүүлж чадахгүй л дээ. Үүн дээр дөрөөлөөд, “Гадаадаас нарийн мэргэжилтэн оруулж ирэн, монголчуудаа сургана. Нарийн мэргэжилтэн бэлтгэнэ. Монгол залуучууд ур чадвартай болж байж, цалингаа нэмэгдүүлж чадна” гэж ятгасан.
ҮСХ-ны мэдээллээс үзвэл манай улсад 2024 оны 2 дугаар улиралд гадаадын 102 улсын 15.6 мянган иргэн ажил хийжээ. Тэдний 14.4 (92.3%) мянга нь эрэгтэй, 1.2 (7.7%) мянга нь эмэгтэй.
Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан гадаад иргэд, улсаар:
- 71.1 хувь нь БНХАУ-ын,
- 7.6 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын,
- 3.9 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын,
- 2.7 хувь нь Бүгд Найрамдах Турк Улсын,
- 2.1 хувь нь ОХУ-ын,
- 1.9 хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улсын,
- 1.7 хувь нь БНСУ-ын,
- 1.5 хувь нь АНУ-ын,
- 7.5 хувь нь бусад улсын харьяат.

Гадаад ажилчдыг ур чадвараар нь ангилбал:
- 5.1 мянга (32.8%) нь мэргэжилтэн,
- 4.3 мянга (27.3%) нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн,
- 3.5 мянга (22.3%) нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан,
- 1.4 мянга (9.1%) нь суурин төхөөрөмж, машин, механизмын оператор, угсрагч,
- 911 (5.8%) нь менежер,
- 197 (1.3%) нь энгийн ажилчин, мэргэжлийн ажилтан,
- 118 (0.8%) нь худалдаа, үйлчилгээний ажилтан,
- 86 (0.6%) нь контор, үйлчилгээний ажилтан,
- 5 (0.03%) нь хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан байв.
Манайд ирж ажилладаг гадаадынхны хэд нь нарийн мэргэжилтэн байдгийг үүнээс харж болно. Гадаадаас манайх жил бүр ажиллах хүч оруулж ирдэг. Тэд манайханд ажлынхаа нарийн ширийнийг зааж өгдөг, дагалдуулж сургадаг байсан бол бид өдийд гадаадаас нарийн мэргэжилэн авахааргүй болчихсон байх байлаа. Мөнгөө төлж, цагаа зарцуулж сурсан эрдэм мэдлэгээ бусдад үнэгүй зааж өгнө гэдэг ойлголт гадаадынханд байдаггүй. Өнөө жилээс квотгүй, төлбөргүй оруулж ирэх гадаадынхан ч зааж өгөхгүй л дээ.
Манай Засгийн Газар ч яг үнэндээ аль аль улсаас хэдэн хүн оруулж ирэх, тэдний хэд нь дарга, хэд нь инженер, хэд нь мэргэшсэн нарийн мэргэжилтэн, хэд нь гүйцэтгэх ажилчин байхыг Засгийн Газар өөрөө ч мэдэхгүй байх шиг. Харин хүссэн тоогоороо ажиллах хүч оруулж ирэх нь тодорхой. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 27.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 3%, үүний дотор нэг улсын иргэн 1% хүртэл байж болно” гэж заасан. Үүгээр бол гадаадын аль нэг улсаас хамгийн дээд тал нь 35 мянган ажилчин авчрах боломжтой. БНХАУ-аас 35 мянга, Киргизээс 35 мянга гээд улс бүрээс 35 мянган хүн авчрах ч бололтой.
УИХ-д Н.Энх-Амгалан сайдын өргөн барьсан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалт, салбарын бодлого, дотоодын ажиллах хүчний хомсдол зэргийг харгалзан ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг Засгийн газар хөнгөлж, чөлөөлж болно.” гэсэн заалт нэмэх гэж байгаа. Үүнээс үзвэл газрын тосноос бусад бүх салбарт ажиллах хүч оруулж ирэх юм уу гэтэл “Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд ашигт малтмал, газрын тосны салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн Газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болно” гэж өөрчлөн найруулахаар тусгажээ. Тэгэхээр гадаадаас бүх салбарт ажиллах хүч квотгүй оруулж ирээд, ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлөх нь тодорхой болж байна.

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төсөлд нийслэлийг “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” болгохоор Засгийн Газар төлөвлөсөн. Үүний хүрээнд:
● Нийслэлийг Хөшигийн хөндийтэй холбосон туннел,
● Нийслэлийн төвийг тус туннелтэй холбосон ган татлагат гүүр
● Туулын хурдны зам,
● Тэрэлжийн замын бүтээн байгуулалт
● Метроны 1-р шугам зэрэг бүтээн байгуулалт
Эдгээр төслийг 2025 онд багтаан эхлүүлэхээр Засгийн Газар зэхэж байна. Энэ бүхнийг гадаадынхнаар хийлгэнэ.
Манай улс жилд 20 орчим мянган ажиллах хүч оруулж ирэх квот тогтоодог. 2024 онд 6500 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлт Засгийн газарт ирсэн бол 5673-ынх нь төлбөрийг чөлөөлжээ. Хэн ингэж чаддаг нь ойлгомжтой. Арын хаалгатай аж ахуйн нэгжүүдийн эдэлдэг эрхийг өврийн ч хаалгагүйд нь эдлүүлэхэд болохгүй юмгүй л дээ. Гадаадын 1 ажилчин авирч, монгол хүний ажлын байрыг харийн хүнд өгснийхөө төлөө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд сар бүр төлдөг мөнгө л огт байхгүй болно. Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 нугалсантай тэнцэх төлбөр гэдэг бага биш л дээ, уг нь. Гээд яах вэ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны инститүтийн судалгаагаар 2023 онд манай аж ахуйн нэгжүүдийн 26% нь дотоодын хөдөлмөрийн зах зээлээс ажиллах хүч олж чадаагүй аж. Энэ онд 1 сая 420 мянган ажилчин хэрэгтэй гэнэ. Дотоодын ажиллагсад дээр нэмээд 88.000-101.000 ажилчин хэрэгтэй гэсэн судалгаа байна. Энэ онд 285 мянган ажлын байр бий болно гэсэн тооцоог өргөн барьсан хуулийн төсөлтэйгөө холбогдуулан Н.Энх-Амгалан сайд хийж, гадаад ажилтны тоо, хэмжээг Монгол Улсын жил бүрийн хөрөнгө оруулалтын хэмжээтэй уялдуулдаг болохоор төлөвлөжээ. Энэ бүх ажлын байрыг бүгдийг нь гадаадынханд алдчихгүй л байх юм сан даа.