Ээлжит бус чуулганаар Цагаан сарын баярын амралтыг сунгах асуудлыг хэлэлцэх боломжтой гэв


Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр сар хүрэхгүй хугацааны дараа болно. Энэ жилийн Цагаан сарын баярын өдрүүд амралтын өдрөөр тохиож байгаа. Хуулиараа Цагаан сарын баярын шинийн 1-3 хүртэл амрах заалттай. Харин өнөө жилийн тухайд шинийн нэгэн байхгүй, шууд шинийн хоёр, гурванд баяраа тэмдэглээд ажлын өдөр эхэлж байгаа. Тиймээс олон нийтийн зүгээс Цагаан сар болон Үндэсний их баяр наадмаар 7-10 хоног амардаг болох асуудлыг хуульд тусгаж өгөх хүсэлтийг илэрхийлж байна. Энэ дагуу Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэхүү саналыг үндэслэн хуульд тусгах асуудлыг Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байгаа юм. Хэрэв Засгийн газраас дэмжлэг авбал уг асуудал УИХ-д танилцуулагдана. Гэвч намрын чуулган хаасан учраас хаврын чуулганаас өмнө ээлжит бус чуулган зарлан хуралдуулж дээрх асуудлыг шийдвэрлэхээр байгаа юм. Тэгвэл ээлжит бус чуулган зарлаж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжтой эсэхийг УИХ-ын гишүүдээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

-УИХ бол олон нийт, ард түмнийхээ саналаар асуудлыг шийдвэрлэх, асуудал санаачлах үүрэгтэй байгууллага. Тиймээс олон нийтийн хандлага, санал, хүсэлтийг анхаарч авч үзэх нь чухал гэж бодож байна. Хэрэв ард түмний олонх нь Цагаан сарын баярын амралтын өдрүүдийг сунгах хүсэл, сонирхолтой байгаа бол энэ дагуу шийдвэр гаргахад болохгүй зүйл байхгүй. Намрын чуулган хэдийгээр өндөрлөсөн ч гэлээ уг асуудлыг ээлжит бус чуулган хуралдуулаад шийдэхэд тийм ч хүндрэлтэй асуудал огт биш гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулган зарлавал Цагаан сарын баярын амралтын хугацааг энэ жилийн баяраас өмнө амжиж хуульчлах боломжтой.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж:

-Цагаан сарын баярын амралт сунгахыг, мөн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Цагаан сар бол бид бүхний уламжлалт их баяр. Энэ баяраар аав, ээж, азай буурлуудаа хүндэтгэн очиж, амар мэндийг нь эрдэг өдөр. Ахан дүүсээрээ орж гарч, аж амьдрал нь ямар байгааг ярилцдаг өдөр. Залуу үеэ таньж, удам судраа мэдэлцдэг өдөр. Тэр утгаараа монголчууд бид энэхүү баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болов уу. Цагаан сарын баяр байхгүй бол ах дүүсээ мэдэхгүй. Цагаан сарын баяр байхгүй бол уламжлалт ёс заншлаа ойлгохгүй. Цагаан сарын баяр байхгүй бол хүн хүндэтгэх хандлага тасарна. Тиймээс энэхүү баяраар долоо хоног амардаг болохыг дэмжиж байгаа. Баяр баяр дотроос хамгийн чухал, ач холбогдол өндөртэй баяр нь Цагаан сар, Наадам хоёр. Тиймээс энэ хоёр том баяраараа ахиухан хоног амраад бусад үед ажлаа сайн хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан:

-Би зөвхөн хувь хүнийхээ бодлыг л хэлье. Энэ жил гуравдугаар сард шинэлээд 10 хоног амрах нь ямар үр дагавартай вэ гэдгээ эхлээд бодох хэрэгтэй. Манай улс импортоос хамааралтай, хэрэглээний эдийн засагтай орон. Импортын ихэнх нь Хятад, Хонгконг, Солонгосоос. Тэнд өдийд Цагаан сарын баяр болж, үйл ажиллагаа нь зогсож байгаа тул манай импорт дагаад зогсож байна. Харин эсрэгээрээ тэнд ажил цуглаад эхэлтэл бид зөрөөд Цагаан сарын бэлтгэл, дараа нь золголт, улмаар Мартын 8, Цэргийн баяр гээд ирэх гуравдугаар сарын 20 хүртэл, амарч, баярлана. Ингээд урт үргэлжилсэн баяр, амралтын циклиэсээ гарч ажлын горимдоо орох гэсээр ирэх дөрөвдүгээр сартай золгоно. Цагаан сарыг олон хоног тэмдэглэхэд настнуудыг ч бас туйлдуулан ядраадаг тал бий. Нэмээд хэлэхэд, импортын шахуу хэрэглээг улам их нэмэгдүүлнэ. Тиймээс олон хоног амрах нь зөв гэсэн нийгмийн нэг хэсэг хандлагаар зарим улстөрчид өндөр оноо авах зорилгоор асуудлыг шийдлээ гэж бодъё. Гэвч том дүр зургаараа эргээд бүгдэд хохиролтой шийдэл гэж би хувьдаа бодож байна. Зөвхөн энэ жилийн хувьд шүү. Цагаан сарын баяраар ер нь ажилчид шаардлагатай бол цалингүй чөлөө авах нь нээлттэй байдаг биз дээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Үндэсний өв уламжлал, зан заншил, бахархлаа хойч үедээ гүн бат өвлүүлэх нь аль ч үндэстний санаа зовж, хийвэл зохих ажил. Энэ бол үндэсний дархлаа. Тиймээс гол уламжлалт баяр болох Наадам, Цагаан сараараа дориухан амрахад буруу зүйл байхгүй. Гэхдээ зүгээр нэг амарч өнгөрөөхөөсөө гадна олон төрлийн тохирсон арга хэмжээ, фестиваль зэрэг олон нийтийг хамруулах ажил зохион байгуулбал сайн. Харин хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухайд гэвэл зөвхөн Наадам, Цагаан сар гэлтгүй албан ёсны ямар ч баярын амралт хэрэв хагас, бүтэн сайн өдөртэй давхцаж таарвал нөхөж амруулдаг тал руугаа байвал илүү шударга болов уу. Ээлжит бус чуулган хуралдаж, энэхүү асуудлыг шийдвэрлэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр:

-Монголчуудын уламжлал, соёлыг эс ширхэг бүртээ шингээсэн хоёр баяр бий. Нэг нь Наадам, нөгөө нь Цагаан сар. Энэ баяруудаар монголчууд бид дээлээ өмсөн гангарч, уламжлалаараа гоёдог. Энэ үеэр бид амрах өдрүүдээ сунган, мэндлэх, хүндлэх ёсоо залуу хойч үедээ таниулан мэдүүлэх ёстой. Цагаан сараар нутагтаа харьж, насан өндөр болсон ээж аав, нутаг усныхантайгаа тохой зөрүүлэн золгох шаардлага үүсдэг. Энэ утгаараа хөдөөнөөс хот руу, хотоос хөдөө рүү чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Хот дотор ч хөдөлгөөний эрчим нэмэгдэж, зарим зам тэг зогсолт хийдэг нь үнэн. Тиймээс ёсоо бодсон ч амьдарч байгаа орчноо харсан ч амралтын өдрүүдийг сунгах шаардлага бий гэж бодож байна. Энэ утгаараа зарим нэг бүх нийтийн амралтыг Цагаан сартай нийлүүлэн ажлын тав хоног амардаг байхаар зохицуулж бас болно. Түүний дээр хагас бүтэн сайн таарвал шууд залгуулан нөхөж амраадаг байдлаар зохицуулах нь зүйтэй. Хүмүүс амралт их байна гэж ярих нь түгээмэл боловч монголчуудын амралтын өдрийн тоо тийм ч олон биш. Дэлхийн дунджаас ялимгүй доогуур байдаг юм билээ. Ер нь бол амралт гэдэг ажил цалгардуулах тал байдаг ч гэр бүлдээ цаг заваа гаргах, гэр бүлийн харилцаа, уур амьсгалыг илүү таатай, дотно болгоход тустай. Ажил ихтэй аавыгаа, ээжийгээ, ахмад настайчууд нь үр хүүхдээ хоног тоолон харуулдаг суугаа хүмүүс олон байгаа. Тэгэхээр бид энэ асуудлыг аль нэг талыг нь хэт их барьж, туйлшрах шаардлагагүй. Ер нь бол гол баяр, наадмаараа амрах л ёстой.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:

-Манай улс бол дорнын соёлтой орон. Сэтгэлгээний хувьд хуучныг үдэж, шинийг угтах Цагаан сарын баярыг тэмдэглэж ирсэн онцлогтой ард түмэн. Гурван өдөрт багтаан хот, орон нутгийг дамнан золголт хийх амаргүй байж таарна. Азийн орнууд үүнээс урт өдрүүдээр амарч, баяраа тэмдэглэдэг жишиг ч бий. Тиймээс УИХ ээлжит бусаар хуралдаж, холбогдох хуульд өөрчлөлт оруулах боломж бий. Харин энэ асуудлыг хөндөж, хууль өргөн барьсан талаар албан мэдээлэл алга байна.

УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал:

-Жил бүр л хэд хоног амрах билээ, яах билээ гэдэг яриа улсын хувьд ч, бизнесийн хувьд ч, хувь хүмүүсийн хувьд ч ажил төрөл, аж амьдралаа төлөвлөхөд төвөгтэй байдаг шүү дээ. Тиймээс зундаа Наадам, өвөлдөө Цагаан сарын баяраараа тогтмол 7 хоног амардаг болох нь зүйтэй гэж боддог. Ээлжит бус чуулганы хувьд хэрэв зөвшилцөл байвал шийдвэр гаргах боломжтой гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

-Яаралтай горимоор бол амжина. Гэхдээ энэ бол яаралтай горимоор явуулах асуудал биш гэж бодож байна.

Э.Мөнхтүвшин


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *