Б.Нэтаньяху ирэх долоо хоногт урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаар болсон талаар Израилын ерөнхий сайдын албаны зүгээс мэдэгдсэн байна.
Одоогоор Трампын засаг захиргааны зүгээс хараахан баталгаажуулаагүй байгаа энэхүү айлчлал 2-р сарын 4-ний өдөр хийгдэхээр болжээ.
Мөн дээрх мэдэгдэлд Б.Нэтаньяху-г АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хоёр дах бүрэн эрхийн хугацаандаа урин уулзах гэж байгаа анхны гадаад улс орны төр засгийн тэргүүн болно гэдгийг тодотгожээ.
Д.Трамп мөн Израилын ерөнхий сайдтай уулзах талаараа цухас мэдээлсэн юм. Тэрээр даваа гарагт Израилын ерөнхий сайдыг ойрын үед Вашингтонд айлчилж, түүнтэй уулзах болно гэдгийг хэлсэн.
Ийнхүү Израил-Хамасын хооронд гал зогсоох гэрээ байгуулагдаж, гэрээний 6 долоо хоногийн хугацаатай эхний үе шат эхэлсний дараахан Израил, АНУ-ын удирдагчид уулзах гэж байна. Трамп өөрийгөө энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан учраас л уг гал зогсоох гэрээ байгуулагдсан хэмээн дөвийлгөн мэдэгдсэнээс гадна өнгөрсөн долоо хоногт тэрээр дайны хөлд нэрвэгдсэн Газын зурвасаас дүрвэн гарсан палестинчуудыг хөрш зэргэлдээх Египет, Йордан улсууд хүлээж авах санаачилгыг дэвшүүлсэн юм. Түүний уг саналыг Хамас бүлэглэл, Палестины эрх баригчид,Египет болон Йордан улсууд няцааж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.