ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины дайны энхийн яриа хэлэлцээний талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ Украин улстай яриа хэлэлцээ явуулахад бэлэн байгаа ч Украины талд яриа хэлэлцээ хийх ямар ч сонирхол байхгүй байгаа гэжээ.
В.Путин хэлэхдээ “хэрвээ яриа хэлэлцээ явуулж, буулт хийх гарц шийдлийг олох сонирхол байсан бол хэн ч гэсэн яриа хэлэлцээг явуулчихсан байх байсан” гэжээ. Мөн тэрээр Украины ерөнхийлөгч В.Зеленский энхийн яриа хэлэлцээг ахалж явуулах нь “хууль ёсны биш” хэмээн нэмж хэлсэн байна.
“Тэр яриа хэлэлцээнд оролцож болох ч түүнд гэрээнд гарын үсэг зурах ямар ч эрх байхгүй, гэхдээ хэрвээ тэр яриа хэлцэлд оролцохыг хүсэх юм бол би тэдгээр хэлэлцээг явуулах зохих хүмүүсийг хуваарилах болно” хэмээн Ройтерс агентлагийн сэтгүүлчдэд ярьсан байна.
В.Путин мөн аливаа энхийн хэлэлцээр нь “бодит байдлыг” хүндэтгэн, харгалзаж авч үзсэн байх ёстой гэдгийг онцолсон байна.
Тэрээр өмнө нь ч гэсэн үүнтэй ижил байр суурь илэрхийлж байсан юм. В.Путин өнгөрсөн оны 6-р сард Украин улс НАТО-д гишүүнээр элсэхээс татгалзаж, Донецк, Луганск, Запорожье, Херсоны бүсээс цэргүүдээ бүрмөсөн татан гаргах ёстой хэмээн мэдэгдэж байсан бол Украин болон барууны холбоотнууд нь эсэргүүцэж байсан билээ.
Москва-гийн зүгээс мөн олон улсын зах зээл дэх Оросын үйл ажиллагааг хязгаарласан хоригуудаа цуцлахыг шаардаж байгаа юм.
Харин Украины ерөнхийлөгч В.Зеленский анхлан боловсруулж танилцуулсан энхийн томьёололдоо ОХУ-ыг Украины бүхий л (эзлэн авсан) газар нутгаас цэргээ татаж гаргахыг шаардаж байсан боловч яваандаа тэрээр байр сууриа сулруулсаар, яриа хэлэлцээний нөхцөл шаардлагадаа энэ талаар дурьдахаа болиод байгаа билээ. В.Зеленскийн гол шаардаж байгаа нөхцөл бол энхийн гэрээ түр зуурын бус, байнга дагаж мөрдөх иж бүрэн гэрээ байх ёстой гэсэн шаардлага. Мөн тэрээр барууны улс орнууд, ялангуяа АНУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Украинд энхийн сахиулагчдын хувиар байршуулахыг давхар шаардаж, тодотгож байгаа билээ.