Хавдар судлалын үндэсний төвийн Элэг шилжүүлэн суулгах баг 2018 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр БНСУ-ын “Самсунг медикал” эмнэлэгтэй хамтран элэгний хортой хавдартай өвчтөнд эрүүл хүнээс элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж байжээ. Долоо цаг 7 минутын турш үргэлжилсэн тус хагалгаанаас хойш эдүгээ Хавдар судлалын үндэсний төвд 180 дахь хагалгааг амжилттай хийсэн байна” гэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудсанд дурсамжаа хуваалцжээ.

Тэрбээр “олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, нөгөө талаар Монголоос гадагшаа урсах байсан их мөнгийг үлдээж эдийн засагтаа хувь нэмрээ оруулжээ.
Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад өвчилсөн, муу элгийг бүтнээр нь аваад, эрүүл хүний элэгний талыг тайраад нөгөө хүндээ шилжүүлэн суулгадаг, олон судас залгадаг асар хүнд энэ мэс заслыг манай залуучууд торох юмгүй хийж, өдөр тутмын эмчилгээ болчихсон байна.
Манай улсад анх 2011 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэвтрүүлсэн. Хавдар Судлалын Үндэсний төв эмнэлэг элэгний хортой хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсэн гэдгээрээ анхдагч билээ. Эдүгээ Улсын хоёрдугаар төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэхээр зорилт тавин, ажиллаж байна” гэжээ.