Шинэ Зеланд улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдыг татах, тоо хэмжээг нь нэмэгдүүлэх зорилгоор визний журмандаа өөрчлөлт оруулж, аялангаа алсын зайнаас ажилладаг “цахим нүүдэлчдэд” хөнгөвчилсөн журмаар виза олгохоор болсон байна.
Шинэ журмын дагуу “цахим нүүдэлчид” Шинэ Зеланд улсад 90 хоног хүртэлх хугацаанд аялж, амьдарч, ажиллах боломжтой ба 90 хоногийн дараа тэд оршин суугчийн хувиар татвар төлж эхлэх ажээ.
“Энэхүү журмын өөрчлөлт нь олон тооны гадны иргэдэд манай улсад удаан хугацаагаар ажиллаж амьдрах боломж олгож, тэр хэрээрээ манай улсад ямар нэгэн байдлаар мөнгө орж ирэх юм” хэмээн тус улсын Цагаачлалын сайд эрика Стэнфорд хэлсэн байна.
Шинэ Зеландын засгийн газраас энэхүү визний журмын өөрчлөлт нь тус улсад зочлон ирж буй гадны иргэн бүрт үйлчилнэ гэдгийг мөн онцолсон байна. Гэхдээ тухайн гадны иргэд, жуулчид нь Шинэ Зеланд улсын компани, аж ахуй нэгж, байгууллагад ажилладаггүй байх ёстой ажээ.
Шинэ Зеланд улс яг одоогийн байдлаар эдийн засгийн хямралтай байгаа бөгөөд ковидын цар тахлын үеэр хил хаагдсан нь тус улсын аялал жуулчлалын салбарт сөрөг нөлөө үзүүлж, уналтад орсон салбарыг сэргээх үүднээс дээрх бодлогыг хэрэгжүүлэхээр болоод байна.
Ковидын цар тахлын өмнө жилийн 22 тэрбум ам.долларын орлого бүхий аялал жуулчлалын салбар нь дотоодын экспортын хамгийн том салбар байсан бол цар тахлын улмаас эдийн засаг хямарч, инфляци өссөнтэй холбоотойгоор ажилгүйдэл нэмэгдэж, иргэд нь олноороо гадаадад гарч ажиллах болсон юм.
Digital nomads буюу “цахим нүүдэлчдэд” зориулсан тусгай виза олгох явдал арваад жилийн өмнөөс эхэлж байсан бөгөөд Япон, Өмнөд Солонгос, Бразил, Испани, Португал зэрэг олон орон энэ төрлийн хөнгөлөлттэй визийг олгодог байна.
Гэхдээ мөн тухайн улсад гадны иргэд олноороо орж ирэх явдлыг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөнүүд ӨАБНУ, Испани, Грек зэрэг улсуудад болж байжээ.