Google Maps аппликейшн Мексикийн булангийн нэрийг Америкийн булан болгож өөрчилнө


Google компанийн газрын зургийн Google Maps аппликейшн Мексикийн буланг Америкийн булан болгож, нэрийг нь өөрчлөхөөр болсон байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп засгийн газрын бүхий л албан ёсны баримт бичигт Мексикийн буланг Америкийн булан болгож өөрчил гэсэн зарлиг гаргасны дагуу ийнхүү Google Maps-ийн газрын зураг дээр нэрийг нь сольж өөрчлөхөөр болжээ.

Гэхдээ Мексикийн булангийн нэрийн өөрчлөлт зөвхөн АНУ-д буюу Google Maps-ийг тус улсад хэрэглэж байгаа хэрэглэгчдэд л харагдах ажээ. Мөн түүнчлэн Д.Трампын өөр нэгэн газарзүйн нэршилтэй холбогдолтой зарлигийн дагуу Google Maps дээр Хойд Америкийн бүс нутгийн хамгийн өндөр уул болох Деналиг өмнөх нэршлээр нь Маккинли уул болгож нэрийг нь өөрчлөхөөр болжээ.

Google компанийн зүгээс дээрх хоёр газарзүйн байршлын нэрийг GNIS буюу АНУ-ын Газарзүйн Нэршлийн Мэдээллийн Систем шинэчлэгдсэн даруйд өөрчлөх болно гэдгээ мэдэгдсэн байна.

Газарзүйн байршлын нэрийг солих тухай Д.Трампын зарлигийг биелүүлэх үүргийг АНУ-ын Дотоод хэргийн төрийн нарийн бичгийн дарга Уолтер Круикшэнк хүлээж байгаа бөгөөд тэрээр дээр дурьдсан АНУ-ын Газарзүйн Нэршлийн Мэдээллийн Системийг ерөнхийлөгчийн зарлиг батлагдсанаас хойш 30 хоногийн дотор шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх ёстой юм.

Энэ үеэр Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум АНУ-ын ерөнхийлөгчийн шийдвэртэй холбогдуулан Хойд Америкийн бүс нутгийг “Америка Мексикана”, эсвэл “Мексикан Америка” хэмээн нэрлэх алиа хошин саналуудыг дэвшүүлж, түүгээр доог тохуу хийгээд амжсан бөгөөд тэрээр “бидний хувьд болон дэлхий ертөнцийн хувьд Мексикийн булан хэвээрээ байгаа” хэмээн хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама-гийн үед буюу 2015 онд нэрийг нь Денали болгож өөрчилсөн уулын нэрийг Д.Трамп өмнөх нэршлээр нь Маккинли болгох зарлигт гарын үсэг зурсныг Аляскийн уугуул иргэдийн байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *