Алдарт “Мона Лиза” зургийг Луврын музейн өөр танхимд шилжүүлэхээр болжээ


Италийн суут зураач Леонардо Да Винчи-гийн алдарт “Мона Лиза” зургийг Луврын музейн дотоод зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх төлөвлөгөөтэй холбогдуулан өөр үзэсгэлэнгийн танхимд шилжүүлэхээр болсон байна.

Дээрх мэдэгдлийг Францын ерөнхийлөгч Э.Макрон хийсэн бөгөөд энэхүү өөрчлөлтийг 2031 онд хийж, музейн үзэгчид “Мона Лиза”-г одоо байгаагаас өөр танхимд үзэж сонирхох боломжтой болох ажээ.

Э.Макрон “Шинэ сэргэн мандалт” хэмээх төслөө танилцуулах үеэрээ музейг шинэчлэн сэргээн засварлах асуудал үүсэж, мөн үзэгчдийн тоо хэмжээ хэт өсөн нэмэгдэж, олны хөлд дарагдах болсонтой холбогдуулан музейн захирал Лоранс де Карын зүгээс түүнд ирүүлсэн анхааруулга болон хүсэлтийн дагуу уг төслийг эхлүүлж байгааг зарлажээ.

Луврын музейг өдөрт дунджаар 30 мянган хүн үзэж сонирхдогоос 22 мянга нь зөвхөн “Мона Лиза”-г үзэх гэж зорьж ирдэг байна. Хүн нэг бүрт тус зургийг үзэж, гэрэл зураг авахад нь зориулж дунджаар 50 секундын хугацааг олгодог гэнэ.

Э.Макрон “Мона Лиза”-г үзэх гэж зорьж ирдэг олон мянган хүмүүст зориулж, хүн бүр үзэж харах боломж бүхий цэлгэр том үзэсгэлэнгийн танхимд нь шилжүүлэн байршуулна гэдгийг онцолсон байна.

Түүнчлэн төслийн хүрээнд Луврын музейн хоёр дах үүдний хэсгийн загварыг зохион бүтээх олон улсын уралдааныг зохион байгуулна гэдгийг онцолсон байна. Мөн дээр нь ирэх оны 1-р сараас эхлэн тасалбарын үнэд өөрчлөлт орох бөгөөд ЕХ-ны гишүүн бус улс орны иргэд илүү өндөр үнэтэй тасалбар худалдаж авах ёстой болох талаар мэдээлжээ.

Музейг сэргээн засварлах төсөлд мөн нийтийн бие засах өрөөнүүдийг шинэчлэх, ресторан болон амралтын хэсгүүдийг шинээр барьж байгуулах ажлууд багтсан байна. Нийт төслийн өртөг нэлээн хэдэн зуун сая евро болох авч Э.Макрон дээрх зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гарахгүй, энэ төсөл Саудын Арабын Абу-Даби Лувр музейн хөрөнгө оруулалт бүхий гэрээний дагуух тасалбарын орлого, хандив тусламж зэргээс бүрэлдэнэ гэдгийг тодотгожээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *