МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны чуулганд оролцохоор Швейцарь улсад очоод байна


ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нь 1 дүгээр сарын 30-ны өдөр буюу өнөөдөр болох ОУОХ-ны чуулганд оролцохоор Швейцарь улсын Лозанн хотноо хүрэлцэн очоод байна. Энэ удаагийн чуулганаар ОУОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч долоон гишүүний мөрийн хөтөлбөр, танилцуулгыг хүлээн авах онцлогтой болох юм.

2025 оны 3-дугаар сард Грек улсын Афин хотноо болох ОУОХ-ны 144 дүгээр чуулганаар олимпын хөдөлгөөний дээд байгууллага ОУОХ-г 2025-2028 онд удирдах Ерөнхийлөгчийн сонгууль болохоос гадна “Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын хөтөлбөрт боксын спортыг үлдээх эсэх зэрэг чухал асуудлуудыг шийдэх билээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж цаашид олон улсын спорт олимпизмын үйл хэрэгт илүү идэвхтэй оролцож, ОУОХ-ны чуулган, залуучуудын олимпын наадам зэрэг спортын салбарын томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулах талаар ажил хэрэгч яриа өрнүүлжээ.

Ерөнхийлөгч Томас Бах нь ОУОХ-ны 9 дэх ерөнхийлөгчөөр 2013 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд ковидын хүнд нөхцөл байдлын үед “Токио 2020”, “Бээжин 2022” олимпын наадмыг амжилттай удирдан чиглүүлснээс гадна спорт олимпизмын үйл хэрэгт баримтлах стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн олимпын зүтгэлтэн билээ. Тэрээр “Монреаль 1976” олимпын наадамд туялзуур сэлэмний багийн төрөлд алтан медаль хүртэж байсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *