Нийслэлийн Налайх дүүрэгт менингококкт халдвартай 1 өвчтөн өчигдөр орой эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдлээ. Үүнтэй холбоотойгоор тус дүүргийн Онцгой комисс 2025.01.29-ний 22:00 цагт шуурхай хуралдан, өнөөдрөөс “Голомт” сургуулийн бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэжээ.
Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Онцгой комиссын ажлын хэсэг тус дүүрэгт тандалт судалгаа хийж байна.
Уг өвчтөний хавьтлуудыг илрүүлэн, яаралтай шинжилгээ авч, зөвлөмж өгч байгаа аж. Мөн дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд халдваргүйтэл хийж байна. Бүх цэцэрлэг, сургуулийн эмч, эрхлэгч, захиралд Онцгой комисс дараах мэдэгдлийг хүргэжээ. Үүнд:
1-рт, Налайх дүүргийн бүх цэцэрлэг, сургууль тусгаарлах өрөөтэй байх.
2-рт, халууны шил болон эмийн сан бэлдэж, бэлэн байлгах.
3-рт, эцэг эх хүүхдүүдийн ам зайлах нөхцөл бүрдүүлэх, заавал маск зүүлгэх.
4-рт, амны хөндийн үзлэг болон бүх биеийн үзлэгийг тогтмол хийх, ханиасан халуурсан, хоолой өвдсөн бол гэрт нь буцаах буюу цэцэрлэгт хүлээж авахгүй байх. (ханиадтай гэрээр байгаа хүүхдүүдээ сайн бүртгэлжүүлэх) ирцийн мэдээг тогтмол өгөх.
5-рт, ангийн группт эцэг эхэд зөв мэдээлэл хүргэх, хамтарч ажиллах.
6-рт, олон хүн цугларсан бөөгнөрсөн ажил зохион багуулахгүй байх.
7-рт, өглөө болгон цэцэрлэгийн эмч бүлгийн багш нар хүүхдийн халуун хэмжиж, биеэр тууралт байгаа эсэхийг шалгах. ( шинж тэмдэгтэй бол буцаах)
8-рт, ангийн агаар сэлгэлтийг тогтмол хийх, амыг тогтмол зайлуулах.
Дүүргийн хэмжээнд 10 хоног бэлэн байдал зарласан тул хүүхдэд тань ханиадны шинж илэрсэн, хоолой өвдөж халуурсан л бол цэцэрлэг, сургуульд нь огт явуулалгүй дүүргийн юм уу, өрхийн эмнэлэгт заавал үзүүлэх, оношоо тодруулахыг зөвлөж байна.