Хамас бүлэглэл Израилын 3, Тайландын 5 барьцааны хүнийг суллана


Хамас бүлэглэл Газын зурваст барьцаалагдсан Израилын 3, Тайландын 5 иргэнийг пүрэв гарагт суллахаар болсон талаар Израилын талаас мэдэгджээ.

29 настай энгийн иргэн Арбел Ехуд, 20 настай цэргийн салбарын ажиглагч судлаач Агам Бергер хэмээх хоёр эмэгтэй болон 80 настай Гади Мозес гэсэн Израилын гурван иргэн суллагдах бол Тайландын 5 иргэний нэрс тодорхойгүй байна. Хамас бүлэглэлийн зүгээс сайн санааны үүднээс Тайландын 5 иргэнийг суллаж байгаа бөгөөд гал зогсоох гэрээнд хамааралгүй ажээ.

Тайландын засгийн газраас тус улсын 6 иргэн Газын зурваст барьцаанд байгаа талаар мэдээлсэн юм. Ватчара Сриуан, Баннават Сеатхо, Сатьян Суваннакхам, Наттапонг Пинта, Понгсак Танна болон Сурасак Ламнау гэсэн зургаан иргэн нь барьцаанд амьд байгаа гэж зарласан бол Судтхисак Ринталак, Сонтхаяа Оакхарасри хэмээх хоёр иргэн нь амь үрэгдсэн гэдгийг Тайландын засгийн газраас мэдээлжээ. Дээрх Тайландын иргэд Израил улсад ХАА, газар тариалангийн салбарт ажиллаж байхдаа Хамасын цэргүүдэд олзлогдсон юм.

Энэ удаагийн солилцоо нь 3 дах удаагийн солилцоо болох бөгөөд Израилын талаас Палестины 110 хоригдлыг суллах бөгөөд нэрсийг нь хараахан зарлаагүй байгаа тэдгээр хоригдлуудын дунд хамгийн багадаа 30 эмэгтэй болон хүүхдүүд багтах болно гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

1-р сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн гал зогсоох гэрээний дагуу хоёр удаагийн солилцоо хийгдэж, Хамаст барьцаалагдсан Израилын 7 эмэгтэйгээр Палестины 290 гаруй хоригдлыг солилцоод байгаа юм.

Энэ долоо хоногийн бямба гарагт мөн Израилын өөр 3 иргэн суллагдахаар болсныг Израилын талаас мэдээлсэн. Гал зогсоох гэрээний 6 долоо хоногийн хугацаанд үргэлжлэх эхний үе шатанд Хамас бүлэглэл барьцааны нийт 26 хүнийг суллаж явуулах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *