Өнгөрөгч 2024 онд Япон улсын нийт амиа хорлолтын тоо хамгийн бага хэмжээнд хүрсэн боловч ахлах ангийн сурагчдын амиа хорлолтын тоо шинэ дээд хэмжээг тогтоосон харамсалтай статистик гарчээ.

Японы Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны зүгээс урьдчилсан байдлаар гарган танилцуулсан статистик мэдээллээс үзэхэд өнгөрсөн жил 20,268 амиа хорлолт тус улсад бүртгэгдсэн нь өмнөх жилээсээ 1569-өөр буурсан, харин энэхүү статистик бүртгэлийг явуулж эхэлсэн 1978 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлттэй оны жагсаалтын хоёрт бичигджээ.
2024 онд Япон улсад нийт 13,763 эрэгтэй, 6,505 эмэгтэй амиа егүүтгэсэн байна. Харин амиа егүүтгэсэн нийт 20,268 хүнээс 527 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан нь 2022 оны 514 хэмээх дээд тоо хэмжээг эвдсэн харамсалтай тоон үзүүлэлт болсон байна.
Тэдгээрийн 349 нь буюу бараг 70 орчим хувийг ахлах ангийн сурагчид эзэлжээ. Мөн 163 нь дунд ангийн сурагч, 15 нь бага ангийн сурагчид байсан байна. Хүйсээр нь аваад үзвэл бага, дунд ангийн охидын дундах амиа хорлолт нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн жил дунд ангийн 99 охин, ахлах ангийн 183 охин амиа егүүтгэжээ.
19 болон түүнээс доош насны сурагчдын амиа хорлох гол шалтгаан, сэдлээр сургуультай холбоотой муу дүн, ирээдүйн мэргэжлээ сонгож чадахгүй байх явдал, сэтгэл гутралд автах, гэр бүлийн гишүүд, эцэг эхтэйгээ муу харилцаатай гэх зэрэг асуудлуудыг голчлон нэрлэсэн байна.
Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны албаныхны зүгээс бага насны хүүхдүүдийн дундах амиа хорлолт шинэ дээд хэмжээ тогтоосон явдлыг онцгой анхааралдаа авч, ийм байдалд хүргэсэн хүчин зүйлсүүдийг нарийвчлан судлаж, дүн шинжилгээ хийн, асуудалтай тэмцэж шийдвэрлэх тал дээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах болно гэдгээ мэдэгджээ.