Баянхонгорын хүүхдүүдэд сүү уулгаж хэвшүүлж байна


“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын газар, ХХААГ хамтран “Өдөр бүр нэг аяга сүү” арга хэмжээ зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд 32 сургууль, 36 цэцэрлэг хамрагдаж, 12560 хүүхэд өдөрт 100-200 мл сүү ууж хэвшсэн байна.

Хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах, сүүний ач холбогдлыг таниулах, сүү ууж хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж буй аж.

“Сүү” хөтөлбөрт Орон нутгийн хөгжлийн сан болон эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр нийт 107,5 сая төгрөг зарцуулаад байна.

“Сүү” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах хүрээнд болзолт уралдаан зохион байгуулахад, Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургууль, Баянхонгор сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Баянхонгор сумын 14 дүгээр цэцэрлэг, Баянхонгор сумын 16 дугаар цэцэрлэг тэргүүлжээ.
Хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 254 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан шинэчилсэн цэс хэрэгжүүлж байна. Аймгийн боловсролын газраас сургуулиудад иж бүрдэл хоолоор үйлчлэх, хоолны цэсэд сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс оролцуулах чиглэл өгчээ.

Хоолны зардал нэмэгдсэнээр иж бүрдэл хоол олгох боломжтой болж, илчлэг 650-850 ккал болж нэмэгдсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *