АНУ-ын нийслэл Вашингтон хотын Рональд Рейганы нэрэмжит Үндэсний нисэх онгоцны буудлын ойролцоо армийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолдсон зорчигч тээврийн онгоцноос амьд хүн үлдсэн байх боломж тун хомс болоод байгаа талаар эрж хайх, аврах ажиллагааг гүйцэтгэж байгаа албаныхны зүгээс мэдэгджээ.
American Airlines-ийн 60 зорчигч, хөлгийн багийн 4 гишүүн бүхий зорчигч тээврийн онгоцны ослоос амьд үлдэгсдийг эрж хайх, аврах ажиллагааг шөнийн турш явуулсан онцгой байдлын албаныхны зүгээс амьд хүн үлдээгүй гэх урьдчилсан байдлаарх дүгнэлт мэдээллийг орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө Вашингтон хотноо хэвлэлийн бага хурал зохион байгуулж хийсэн байна.
Вашингтон хотын Гал түймэртэй тэмцэх онцгой байдлын албаны дарга Жон Доннели хэлэхдээ “Энэ ослоос хүн амьд үлдсэн гэдэгт бид итгэлгүй байна” гэжээ.
Одоогоор голын усанд унасан онгоцноос 27 хүний цогцсыг гаргаж аваад байгаа бол мөргөлдсөн нисдэг тэрэгнээс 1 хүний цогцсыг олсон байна.
Ийнхүү найдлага тасарч эхэлж байгаа ч эрж хайх, аврах ажиллагаа мөстөж зайрмагтсан голын хүйтэн ус, хүйтэн цаг агаар гэх мэт маш хүнд хэцүү нөхцөлд үргэлжлэн явагдсаар байгаа юм.
Хоёр онгоц хоёулаа үзэгдэх орчин маш сайн, торох зүйлгүй орчинд нислэг үйлдэж байсан гэж эрх баригчдын зүгээс мэдэгдээд байгаа. Үндэсний зам тээврийн аюулгүй байдлын хорооны зүгээс ослын шалтгааныг олж тогтоох мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд осол гарахад хүргэсэн хэд хэдэн хүчин зүйлсийг авч үзэж, судалж байгаа талаараа мэдээлжээ. Тус хорооны зүгээс маш их мэдээлэл цуглуулж, цуглуулсан мэдээллүүддээ дүн шинжилгээ хийхэд цаг хугацаа шаардагдах тул ослын талаарх урьдчилсан тайлан 30 хоногийн дараа гарна гэжээ.
Одоогийн байдлаар онгоцны хар хайрцгууд ослын газраас олдоогүй байгаа гэнэ.
Осол гарсан даруйд Рональд Рейганы нисэх онгоцны буудлын бүх хөөрч, газардах нислэгүүдийг цуцлаад байсан бол орон нутгийн цагаар пүрэв гарагийн 11:00 цагт нисэх онгоцны буудлыг нээж, үйл ажиллагааг нь сэргээхээр болжээ. Уг осол дэлхийн хамгийн өндөр хяналттайд тооцогддог хэсэгт буюу АНУ-ын нийслэл Вашингтон хотын төвд байрлах Цагаан ордон болон Капитолын ордноос ердөө 5-хан км-ийн цаана гарсан байна.