Пүрэв гарагт Европын Төв банк (ECB) бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулах шийдвэр гаргасан байна. Шийдвэрийн талаарх танилцуулгыг Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард хийжээ.
Евро бүсийн эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, инфляцын түвшин зорилтот 2%-д хүрэхэд ойртсон тул ийнхүү бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж, 2.75 хувь болголоо.
Мөн инфляцийг дунд хугацаанд тогтвортой хоёр хувьд хүргэх замаар бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр шийдсэн гэдгээ давтан хэлэхийн зэрэгцээ Европын төв банк мөнгөний бодлогын хэтийн төлөвөө тодорхойлохдоо өгөгдөлд тулгуурласан, уулзалт тус бүрээр хийх арга барилаа тууштай баримтална гэдгээ мэдэгдэв.
Энэ удаагийн бодлогын хүүг бууруулах шийдвэр нь “инфляцийн төлөв байдал, мөнгөний бодлогыг бэхжүүлэх” тухай шинэчилсэн үнэлгээнд үндэслэгдэн гарсан гэдгийг онцолсон байна.
Бодлогын хүүг бууруулсны дараа буюу 2-р сарын 5-наас эхлэн хадгаламжийн зээлийн хүү 2.75 хувь, дахин санхүүжүүлэх үндсэн үйл ажиллагааны хүү 2.9 хувь, арилжааны банкнуудын төв банкнаас авах зээлийн хүү 3.15 хувь болж буурна гэж Европын төв банкнаас хэвлэлийнхэнд мэдээллээ.
Евро бүсийн инфляци буурах хандлагатай байгаа тул төв банк мөнгөний бодлогоо үргэлжлүүлэн сулруулна гэдгийг салбарын ажиглагчид үзэж байна.