АНУ-ын Филадельфи хотод жижиг онгоц осолдож, 7 хүн амь үрэгдэж, 19 хүн бэртжээ


Өнгөрсөн долоо хоногийн дундуур АНУ-ын нийслэл Вашингтон хотод зорчигч тээврийн онгоц армийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн Потомак голд осолдож, дотор нь зорчиж явсан 60 зорчигч, хөлгийн багийн 4 гишүүн бүгд амь үрэгдсэн харамсалтай хэрэг явдал гарсан.

Гэтэл түүнээс удалгүй тус улсын Филадельфи хотын гудамжинд жижиг онгоц осолдож, 7 хүн амь үрэгдсэн ээлжит осол гарчээ. Орон нутгийн цагаар өнгөрсөн баасан гарагийн үдэш Филадельфи хотын хэд хэдэн барилга бүхий гудамжинд эмнэлгийн тээврийн үйлчилгээнд ашиглагддаг жижиг онгоц осолдож, ослын улмаас онгоцон дотор байсан бүх 6 хүн болон гудамжинд машин дотроо сууж байсан 1 хүн амь үрэгдэж, 19 хүн бэртэж гэмтсэн талаар Филадельфи хотын дарга Шерелль Паркер мэдэгдсэн байна. 

Уг онгоц нь Med Jets хэмээх эрүүл мэндийн тээврийн үйлчилгээний компанид бүртгэлтэй онгоц байжээ.

Осолдсон Learjet 55 загварын онгоц нь Филадельфи хотоос хөөрч, Миссури мужийн Спрингфильд хотод богино зогсолт хийгээд, цаашаа Мексикийн Тихуана хотыг зорьж явсан боловч хөөрснөөсөө 1 минутын дараагаар Филадельфи хотын гудманд унаж осолдон, шатсан бөгөөд онгоцонд өвчтэй хүүхэд ээжийн хамт, нэг эмч, нэг сувилагч, хоёр нисгэгчийн хамт явсан, тэд бүгд Мексикийн иргэд байсан ажээ.

Онгоц орон нутгийн цагаар баасан гарагийн оройны 18:06 минутанд хөөрч, 487 метр өндөрт гарсны дараа радараас алга болсон бөгөөд Northeast Philadelphia Airport нисэх онгоцны буудлаас 4 км-ийн цаана, Филадельфи хотын Рузвельт Молл хэмээх задгай худалдааны төвийн ойролцоох хөдөлгөөн ихтэй дөрвөн замын уулзвар дээр осолдсон байна.

Филадельфи хотын дарга Шерелль Паркер ослын хэргийг мөрдөн шалгаж байгааг мэдээлсэн бол мөрдөн шалгах ажиллагааг АНУ-ын Үндэсний зам тээврийн аюулгүй байдлын хороо ахлан явуулна гэдгийг АНУ-ын Холбооны агаарын тээврийн албаны зүгээс мэдээлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформдоо дээрх осолтой холбогдуулан “олон энгийн гэмгүй хүмүүс амиа алдлаа, үнэхээр их харамсч байна” хэмээн бичсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *