Д.Трамп БНХАУ, Мексик, Канадын импортын барааны татварыг нэмж, дээрх улсууд ч хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын эхний өдөр дотоодын эдийн засгийн онц байдал зарлаж, улмаар Хятадын бүх импортын бараанд нэмж 10 хувийн татвар ногдуулах, өмнөд болон хойд хөрш Мексик, Канад улсуудын импортын барааны татварыг 25 хувиар нэмэгдүүлэх тушаалд гарын үсэг зуржээ.

Д.Трамп өөрийн тушаалыг “Америкчуудыг хамгаалахын тулд зайлшгүй гаргах ёстой байсан” гээд, Хятадыг Америкт хууль бусаар нийлүүлдэг фентанилын экспорт болон үйлдвэрлэлийн хэмжээгээ багасгахыг, харин Канад, Мексик улсуудыг АНУ-д цагаачид нь хууль бусаар нэвтэрдэг явдлыг бууруулах шахалтыг үүгээрээ үзүүлээд байна.

Д.Трамп мөн өөрийн шийдвэрийг АНУ-ын “худалдааг ивээх арга хэмжээ”-тэй нийцэж байгааг онцолсон бол эсрэгээрээ ажиглагч, шинжээчдийн зүгээс тарифын нэмэгдэл нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, инфляцын түвшинг нэмэгдүүлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахуун түлш, орон сууцны үнийг бууруулна гэсэн Трампын амлалтаас эсрэг үр дүнг авчирч, дэмжигчдийнхээ итгэлийг алдах эрсдэлтэйгээс гадна олон улсын эдийн засагт ч сөрөг нөлөө авчирна гэдгийг анхааруулаад байна.

Д.Трампын дээрх шийдвэртэй холбогдуулан Канад, Мексиз улсууд хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байна. Канадын ерөнхий сайд Ж.Трюдо “Цагаан ордны шийдвэр нь хоёр улсыг ойртуулах бус, салгаж байна” гээд Канад улс хариу арга хэмжээ авч, АНУ-ын 150 тэрбум ам.доллар хүртэлх импортын бараа бүтээгдэхүүнд (согтууруулах ундаа, жимс гэх мэт) яг тэнцүү 25 хувийн татварын нэмэгдлийг ногдуулахаар болсныг зарлалаа. Мөн тэрээр канад цэргүүд Афганистанд америкчуудтай мөр зэрэгцэн дайтаж, Калифорнийн ой хээрийн түймэр, Катрина хар салхи зэрэг Америкийн олон гамшгийн үед дэмжлэг туслалцаа үзүүлж байсныг сануулан, Канадын ард түмэн АНУ-ын ерөнхийлөгчийн шийдвэрт гомдож байгааг онцолжээ.

Мексикийн ерөнхийлөгч мөн Клаудиа Шэйнбаум мөн хариу арга хэмжээ авах тушаал гаргаад байна. Тэрээр Мексикийн засгийн газрыг гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой гэх Цагаан ордны худал хуурмаг мэдээллийг няцааж, улсынхаа сангийн сайдад Америкийн импортын барааны эсрэг хариу татвар, тарифын хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авахыг үүрэгдэж, Мексик улсын ашиг сонирхлыг хамгаалах бусад ажлуудыг хийж гүйцэтгэхийг даалгаснаа мэдэгдсэн байна.

БНХАУ-ын ГХЯ-ны зүгээс мөн мэдэгдэл хийж, “Хятад улс өөрийн байр сууриа олон удаа илэрхийлж, худалдааны дайн болон тарифын дайнд ялагч байхгүй гэдэгт үргэлж итгэдэг. Хятадын засгийн газар Америкийн энэхүү алхам шийдвэрийг эсэргүүцэж, өөрийн хууль ёсны дагуух эрх болон ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шаардлагатай хариу арга хэмжээг авах болно” гэдгээ мэдэгджээ.

Мөн Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, тарифын асуудлаарх Хятадын байр суурь тууштай байх болно, тарифын арга хэмжээ нь БНХАУ, АНУ-д ч, дэлхий дахинд ч ашиггүй гэдгийг тодотгож, “АНУ зөвхөн нэг талаас татвар ногдуулж байгаа явдал нь Дэлхийн Худалдааны Байгууллагын дүрмийг ноцтой зөрчиж байна, энэ нь өөрийн асуудлаа шийдвэрлэхэд ашиггүй төдийгүй Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагааг хохироож байна. АНУ-ын энэхүү буруу үйлдэлийн хариуд Хятад улс ДХБ-д зарга мэдүүлж, өөрийн эрх ашгийг тууштай хамгаалахын тулд зохих хариу арга хэмжээ авах болно. АНУ бусад улс орнуудыг татвараар сүрдүүлэхийн оронд фентанил гэх мэт асуудлаа бодитой, оновчтойгоор харж, шийдвэрлэхийг Хятад улс хүсэж байна. АНУ буруу үйлдлээ засаж, Хятадын талтай ойлголцлоо нэмэгдүүлэн хамтран ажиллаж, эрх тэгш, харилцан ашигтай, харилцан хүндэтгэх үндсэн дээр, асуудалтай шууд нүүр тулж, илэн далангүй яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулахыг Хятадын тал шаардаж байна” гэжээ.

Д.Трампын гарын үсэг зурж, баталгаажуулсан импортын тарифын нэмэгдэл 2-р сарын 4-ний мягмар гарагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр болсон байна. АНУ-ын ерөнхийлөгч мөн үргэлжлээд АНУ-д импортоор орж ирдэг компьютерын чип, ган, газрын тос, байгалийн хий, зэс, эм бэлдмэлүүд болон Европын Холбооны импортын тарифыг нэмэгдүүлэх талаараа цухуйлгаад байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *