Израилын 3 барьцааны иргэн, 183 Палестины хоригдол суллагджээ


Өнгөрсөн бямба гарагт Хамас бүлэглэл Израилын 3 барьцааны иргэнийг сулласан бол хариуд нь Израилын тал Палестины 183 хоригдлыг суллан, хүлээлгэн өгсөн байна.

Хамасын зүгээс Израилын иргэн 34 настай Ярден Бибас, 53 настай Офер Калдерон, 65 настай Кейт Сигель нарыг Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгсөн бол ихэнх нь Израилын Офер шоронд хоригдож байсан 183 палестин хоригдлыг автобусаар Газын зурвас болон Уэст Бэнкэд хүргэн өгсөн байна.

Өмнөх хоригдол хүлээлгэн өгөхөд үүссэн эмх замбараагүй байдалтай харьцуулахад бямба гарагийн солилцоо бэлтгэл хангагдсан, тайван нөхцөлд явагджээ. Улаан загалмай нийгэмлэгийг олон улсын хорооны ерөнхийлөгч Мирьяна Спольярик барьцааны хүмүүс болон хоригдол солилцооны үеэрх аюулгүй байдлыг сайжруулахыг уриалж, тус байгууллага солилцоог аюулгүй, эмх замбараатай, дэг журам бүхий нөхцөлд явуулсныг онцолжээ.

Суллагдсан Палестины хоригдлуудын 54 нь олон жилийн хорих ялтай байсан бол 18 нь насаараа хоригдох ял эдэлж байсан талаар Палестины хоригдлуудын холбооны зүгээс мэдээллээ.

Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн 15 сарын хугацаанд үргэлжилсэн дайны явцад Газын зурваст 47,500 орчим хүн амь үрэгдсэний дийлэнх нь энгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүд гэдгийг тодотгосон юм. Өнгөрсөн сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн гал зогсоох гэрээний 6 долоо хоногийн хугацаанд үргэлжлэх эхний үе шатанд Хамсын талаас 33 барьцааны хүн, Израилын талаас Палестины 1900 хоригдлыг суллахаас гадна мөн хүмүүнлэгийн тусламжийн ачаа бүхий олон зуун ачааны машины цувааг өдөр бүр Газын зурваст нэвтрүүлж байгаа юм. Энэ хүрээнд мөн сүүлийн 8 сарын турш хаалттай байсан Газа-Египетийн хоорондох Рафах боомтыг бямба гарагт дахин нээгээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *